Банк, санхүүгийн сорилтуудыг даван туулахад бүх нийтийн оролцоо чухлыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-21 19:42:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна.

Зургадугаар сарын 2-ны өдөр тэмдэглэх тус ойг угтаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Банкны хөгжил -95 жил” аяныг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.

Өнөөдөр болсон аяны нээлтэд Монгол Улс дахь Олон улсын санхүүгийн байгууллагууд мөн нийт арилжааны банкны төлөөлөл оролцлоо. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Банкны хөгжил -95” аяныг нээж хэлсэн үгэндээ, 1924 онд Зөвлөлт Орос Улстай хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкийг Нийслэл хүрээнд байгуулснаар манай улсад нэг шатлалт банкны тогтолцоо үүсэж, түүнээс хойш  70 шахам  жилийн дараа буюу 1991 онд хоёр шатлалтай  тогтолцоонд шилжиж, орчин үеийн банк үүссэн”-ийг дурдаад, “Банкны салбар нь манай улсын хамгийн хурдтай хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд Монгол орны эдийн засгийн хөгжлийн чухал тулгуур, дэд бүтэц  болж байгаа”-г онцлон цаашид тулгарч буй сорилтуудыг даван туулахад бүх нийтийн оролцоо чухал тул энэхүү аяныг хэрэгжүүлэх болсныг цохон тэмдэглэсэн юм.


Аяныг хэрэгжүүлэх хугацаанд иргэд харилцагчид руу хандсан арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаас гадна, тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм байна. Мөн ойг угтсан эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулах талаар Төвбанкнаас мэдэгдлээ. 



Связанные новости