Булганаас бусад аймагт шатахууны үнэ буугаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-16 15:56:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компани, ААН-үүдтэй зөвшилцсөний үр дүнд шатахууны үнийг оны эхнээс литр тутамд 100 төгрөгөөр буулгасан.

Тэгвэл саяхан ШӨХТГ-аас импортлогч компаниудыг шатахууны жижиглэнгийн үнээ 200-300 төгрөгөөр бууруулах боломжтой талаар мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод ШТС-уудад Аи-92 автобензиний үнэ литр нь дунджаар 1835 төгрөг байгаа бол аймаг, орон нутагт суугаа манай сурвалжлагчдын ирүүлсэн мэдээллээр Баян-Өлгий аймагт А-92 бензин 2000 төгрөг, А-80 бензин 1940, дизелийн түлш 2250 төгрөгийн үнэтэй байна.

Өвөрхангай аймагт Аи-92 1920, А-80 бензин литр нь 1860, дизелийн түлш литр нь 2480 төгрөг байна. Булган аймагт “НИК” ХК-ийн ШТС-уудад Аи-92 автобензинийг 1750, А-80 бензинийг 1670, дизелийн түлшийг 2300 төгрөгөөр, “ТЭС” ХХК-ийн ШТС-д Аи-92 автобензинийг 1740 төгрөгөөр тус тус  борлуулж байна.


Орон нутгаас ирүүлсэн мэдээллээс харахад, Булганаас бусад аймагт шатахууны үнийг буулгаагүй, нийслэл хотынхоос 100-200 төгрөгөөр илүү үнэтэй байна. Үүнд тээвэрлэлтийн зардлыг тооцох учиртай гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.




Дорнод аймаг дахь манай сурвалжлагч шатахууны үнэ ханшийн мэдээллийг дээрх зургаар явуулав


Тэгвэл баруун хязгаар нутаг Ховд аймагт өнөөдрийн байдлаар А-80 бензинийг 2030 төгрөгөөр, Аи-92 бензинийг 2410 төгрөгөөр дизелийн түлшийг 2525 төгрөгөөр борлуулж байна. Завхан аймагт “Хөрс” ХХК-ийн ШТС-уудад Аи-92 бензин 2100 төгрөг, бусад компанийн ШТС-уудад 2605 төгрөгийн үнэтэй байна. А-80 бензинийг 1980 төгрөгөөр борлуулж буй мэдээтэй байна. Хөвсгөл аймагт Аи-92 автобензин литр тутамд 1845, А-80 бензин 1750, дизелийн түлш 2350 төгрөгийн үнэтэй байна. Дундговь аймагт "МТ" компанийн ШТС-уудад А-80 бензин литр нь 1790 төгрөг, дизелийн түлш 2430, Аи-92 автобензин 1840 төгрөг байна.

Б.Болд

Связанные новости