Кенийн нийслэлд террорист халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-16 10:29:04

НАЙРОБИ. /Xinhua/. Мягмар гарагт Кенийн нийслэл Найроби хотын “DusitD2” цогцолборт дөрвөн зэвсэглэсэн этгээд террорист халдлага үйлдсэний улмаас арав гаруй хүн амь үрэгдсэн байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн сайд Фред Матьянг мэдээлэв.


Аюулаас хамгаалах албаны ажилтнууд цогцолборт байсан Кени болон бусад орны олон иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд үүнд 9 цагийн хугацаа зарцуулжээ. “DusitD2” цогцолборт олон улсын оффисууд болон зочид буудал үйл ажиллагаа явуулдаг байна.


“Халдлагад өртсөн барилгуудыг шалгаж дууссан ба нөхцөл байдлыг хяналтдаа авсан. Бид терроризмд хэзээ ч ялагдахгүй” гэж Ф.Матьянг хэлсэн байна. Халдлагын улмаас хэдэн хүн амь үрэгдсэнийг тэрбээр зарлаагүй боловч олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, амиа алдсан хүний тоо 15 хүрчээ.


Амь үрэгдэгсдийн нэг нь Америкийн иргэн байсныг АНУ-ын Төрийн департамент албан ёсоор мэдээлжээ. Бусад хүмүүсийн талаархи мэдээлэл болон нийт хэдэн хүн шархадсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа хэдий ч орон нутгийн эмнэлгийн цусны нөөц дуусч, цусаа хандивлахыг иргэдэд уриалсан байна.


Уг халдлагыг Сомалид төвтэй “Аль-Шабаб” бүлэглэл үйлдсэн гэдгээ олон нийтэд зарлажээ. 

Связанные новости