Ч.Хүрэлбаатар: Төсөв ашигтай гарахад эдийн засгийн идэвхжил голлон нөлөөлсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-14 18:01:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөгөөс давсан талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэхдээ мэдэгдлээ.

Тэрээр, “Саяхан гараад байгаа 2018 оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг үндэслэн хэлье. Улсын нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдлээ. Графикаас харахад, улсын тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг байгаа. Мөн Тогтворжуулалтын санд хуримтлагдсан 207 тэрбум төгрөг, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг нэмж тооцсоноор улсын нэгдсэн төсөвт 10 их наяд давсан орлогыг бүрдүүлээд байна. Зардал 9.2 их наяд төгрөг болсон. Ингэхээр манай улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2012 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна” гэв.

“Төсөв ашигтай гарсныг дэлгэрэнгүй тодруулна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд, “Төсвийн орлого нийтдээ 2 их наяд төгрөгөөр нэмэгдэн давж биелсэн. Үүнээс уул уурхайгаас 674 тэрбум төгрөг, бусад нэмэгдсэн орлого нэг их наяд 370 тэрбум төгрөг байна. Тиймээс нүүрсний орлого нэмэгдсэнээр төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлсэн биш, эдийн засаг идэвхжиж, өссөнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт нэмэгдсэн, ААН-үүдийн үйл ажиллагаа сэргэж эдийн засагт оруулж буй хувь хэмжээ нэмэгдсэн, Засгийн газраас явуулж буй бодлогод итгэх итгэл дээшилсэн зэрэг хүчин зүйл голлон нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн экспорт, эдийн засгийн идэвхжил бүхий бусад хүчин зүйл 70 хувийг эзэлж байна” гэв.

Манай улсын зээлжих зэрэг нэмэгдсэн нь төсөв ашигтай гарахад нөлөөлсөн бас нэг гол хүчин зүйл гэдгийг тэрээр мөн тэмдэглэсэн. Яагаад гэвэл, олон улсын хөндлөнгийн байгууллагууд зээлжих зэрэглэлийг үнэлэхдээ, Монгол Улсын эдийн засгийн бодлого хэр зөв, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, түүний харьцаа ямар байгаа, цаашид ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгааг шинждэг.  Зээлжих зэрэглэлд үнэлгээ өгдөг “Мүүдс”, “Фитч”, “Стандарт пүүрс” зэрэг олон улсын байгууллагууд бүгд 2018 онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөсөн нь манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын байгууллагуудын гадаад харилцаа, дотоод итгэл нэмэгдэхэд нөлөөлснийг Сангийн сайд хэллээ.


Төсөв ашигтай гарахад нөлөөлсөн дараагийн хүчин зүйл нь төсвийн сахилга батыг улс орон даяар мөрдүүлсэн явдал гэдгийг тэрээр тэмдэглэж байв.


“Сүүлийн 10-аад жилд төсвийг 1-3 удаа тодотгож ирснийг та бүхэн мэдэж байгаа. Төсвийг тодотгоно гэдэг тэр хэмжээгээр зардал гаргаж, төрийн зардлыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Энэ жилийн хувьд, манай Засгийн газар төсвийг тодотгохгүй гэдгээ оны эхэнд мэдэгдсэн, тэр зарчмаа ч барьж ажиллалаа. Цаашид ч тодотгохгүй гэдгээ мэдэгдсэн.



Энд ажиглагдаж буй зүйл гэвэл, бид төсвийн орлогыг зөв тооцож эхэлж байна. Улсын болон орон нутгийн төсвийн хувьд ч тэр, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангууд орлогоо зөв тооцож эхэллээ. Гарах зардлаа мөн зөв тооцож орж ирдэг болж байна. Тиймээс одоо төсвийг тодотгож, явц дунд нь засчихна гэсэн сэтгэхүйгээр хандан худлаа тоог баталдаг байдлаас салж байна” гэв.

Засгийн газрын өрийн талаар тэрээр мэдээлэхдээ, Гадаад өр 21 их наяд төгрөг байгаа бөгөөд 2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй. 2017 оны сүүлээр ДНБ-нд эзлэх өрийн хэмжээ 74.4 хувь байсан бол 2018 оны эцсээр 60.9 хувь болж буурсан. Цаашид энэ тоог 40 хувьд хүргэвэл төсөвт дарамт учрахгүй гэж тооцож байна” гэв.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, төсөв ашигтай гарахад эдийн засгийн идэвхжил голлон нөлөөлсөн. Үүний ганц жишээгээр хэлэхэд, 2018 онд НӨАТ-аар 600 мянга гаруй хүнд 78 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан бол энэ оны эхэнд (ойрын 2-3 долоо хоногт багтаан) 800 гаруй мянган хүн 120 тэрбум төгрөгийг буцаан олголтоор авах тооцоо гараад байна гэв.

Арилжааны 2 банк өөрсдийн аппликэйшнээр НӨАТ-ын буцаан олголтыг урьдчилж авах боломжийг иргэдэд бүрдүүлсэн байсныг яагаад хориглосныг тодруулахад, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Иргэдийн хувийн мэдээллийг ашиглан, НӨАТ-ын буцаан олголтыг урьдчилж олгох нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Бид нууц мэдээлэл гэж үзэн, НӨАТ-аар хэн хэчнээн төгрөгийн буцаан олголт авах талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хороонд ч хүргүүлээгүй. Гэтэл Татварын ерөнхий газар энэ мэдээллийг банкуудад задруулсан” гэсэн юм.  

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Связанные новости