5000 төгрөгийн дэвсгэртийг шинэчлэн гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк 5000 төгрөгийн дэвсгэртийг шинэчилж, бэлэн мөнгөний гүйлгээнд гаргахаар бэлтгэж буйгаа мэдээллээ. Шинэчилсэн мөнгөн тэмдэгтийг Монголбанкны Ерөнхийлөгчийн холбогдох тушаалын дагуу 2019 оны 1 дүгээр улиралд гүйлгээнд гаргахаар төлөвлөжээ.
Манай улсад хуурамчаар үйлдэж буй болон тэгэж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдэд, хамгийн өндөр дүнтэй 5000, 10.000, 20.000-тын дэвсгэртүүд багтдаг. Иймд нэн түрүүнд дээрх 3 дэвсгэрт дээрх 1 дүгээр түвшний хамгаалалт буюу, иргэд энгийн нүдээр шууд хараад төвөггүй таних боломжтой элементүүдийг сайжруулж байгаа юм байна.
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасган, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд эхний ээлжинд нөөцийг нь дахин
бүрдүүлэх хугацаа нь болсон 5000 төгрөгийн дэвсгэрт дээр ажиллаж, олон улсын
хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн үеийн шинэ технологиор хийгдсэн
элементийг уг дэвсгэртэд оруулан сайжруулж шинэчилсэн хувилбарыг гаргах арга
хэмжээг аваад байна. Ийм төрлийн хамгаалалтын таних тэмдгийн гол шинж чанар нь
хуурамчаар хийх бараг боломжгүй технологи буюу дуурайлган хийх тохиолдолд өндөр
зардалтай байх явдал байдаг.
Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд, нүүрэн талд байрлах соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болсон. Ийнхүү шинэчилсэн 5000 төгрөгийн дэвсгэртийг бэлэн мөнгөний гүйлгээнд гаргах бэлтгэл ажлуудыг Монголбанк, арилжааны банкуудтай хамтран хийсэн бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн холбогдох тушаалын дагуу 2019 оны 1 дүгээр улиралд гүйлгээнд гаргахаар төлөвлөж байна.
Иймээс иргэд энэхүү шинэчилсэн дэвсгэртийн талаарх
мэдээллийг сайтар авах шаардлагатай юм. Үүгээр зогсохгүй ер нь иргэд мөнгөн
тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгүүдийг мэдэж байх нь төлбөр тооцоондоо
хуурамч тэмдэгт авч хохирол амсахаас зайлсхийх боломжтой юм. Шинэчилсэн
хувилбараар үйлдвэрлэсэн 5000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахад, одоо гүйлгээнд явж буй хуучин дэвсгэрт ч хүчин төгөлдөр хэрэглэгдэнэ гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.