Бельгийн хаан Засгийн газрыг огцруулах шийдвэрийг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-19 11:29:53
БРЮССЕЛЬ. /TASS/. Бельгийн хаан Филипп тус улсын Ерөнхий сайд Шарль Мишелийн тавьсан Засгийн газрыг огцруулах тухай хүсэлтийг хүлээн авсан боловч энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг хойшлуулжээ. Энэ тухай Бельгийн Хааны ордноос мягмар гарагийн орой гаргасан товч мэдэгдэлд дурдсан байна.

“Энэ тохиолдолд Бельгийн улс төрийн уламжлалын дагуу хаан эхлээд томоохон намуудын удирдлагуудтай зөвлөлдөг” гэж мэдэгдэлд дурджээ.

Бельгийн Засгийн газрын хямрал
Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель эрх баригч эвсэл задарсны дараа огцорсон байна. Тэрбээр энэ тухайгаа мягмар гарагийн орой болсон парламентын хурлын үеэр мэдэгджээ. Уг хурлын үеэр Бельгийн томоохон намууд Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулахыг шаардсан байна.

Энэ сарын эхээр Бельгийн эрх баригч эвсэл дотор цагаачлалын асуудлаарх НҮБ-ын гэрээг дэмжих эсэхтэй холбоотой санал зөрөлдөөн гарсан нь Засгийн газрын хямралыг эхлүүлжээ. Уг гэрээг Бельгийн Ерөнхий сайд, тус улсын өмнөд нутгийн франц хэлтнүүдийн Валлон бүс болон умард ирланд хэлтнүүдийн Фландри мужийн либерал нам дэмжсэн байна. Харин фламандчуудын томоохон нам болох “Шинэ Фламандын эвсэл” Засгийн газраас гарснаар Бельгийн эрх баригч эвсэл 12 дугаар сарын 9-нд бүрмөсөн задарчээ. Бельгид хэт барууны үзэлтэйд тооцдог тус нам НҮБ-ын цагаачлалын гэрээг дэмжихийг эрс эсэргүүцэж байгаа аж.

Хэдийгээр Батлан хамгаалах, Дотоод хэрэг, Сангийн сайд зэрэг албыг хашиж байсан энэ намын таван төлөөлөгч Засгийн газраас гарсан ч сайд нарын танхим ажлаа үргэлжлүүлж байсан бол засгаас гарсан сайд нарын үүргийг танхимын үлдсэн гишүүд гүйцэтгэж байв. Шарль Мишель Засгийн газрын ажлыг парламентын ээлжит сонгууль хүртэл үргэлжлүүлэхийн тулд мягмар гарагт болсон парламентын хурлын үеэр улс төрийн үлдсэн намуудын дэмжлэгийг авахаар төлөвлөж байжээ. Гэвч социалистууд ч, ногоон намынхан ч аль аль нь энэ санаачилгыг дэмжээгүй байна. Бельгийн хуулийн дагуу одоо тус улсад 40 хоногийн хугацаанд ээлжит бус сонгууль явуулах ёстой боловч намууд хаантай зөвлөлдсөний дараа Засгийн газрын ажлыг “одоогийн үйл ажиллагааны горим” гэж нэрлэдэг зарчмаар төлөвлөгөөт сонгууль хүртэл сунгах шийдвэр гаргаж магадгүй. Энэ тохиолдолд сайд нарын танхимын бүрэн эрх ихээхэн хязгаарлагддаг байна.

Цагаачлалын тухай гэрээ
Аюулгүй, дэг журамтай, зохицуулалттай цагаачлах тухай дэлхийн гэрээг Марокко улсын Марракеш хотод 12 дугаар сарын 10-11-нд болсон НҮБ-ын Сайд нар хоорондын бага хурлын үеэр баталсан билээ.

Заавал даган мөрдөх албагүй дээрх баримт бичгийг АНУ-аас бусад НҮБ-ын гишүүн бүх орон 2018 оны долдугаар сард зөвшилцөн дэмжжээ. Баримт бичигт цагаачлалын үйл явцын сөрөг нөлөөг багасгах, цагаачдыг хамгаалах зэрэг асуудлуудыг тусгасан байна. Гэвч хожим нь Австрали, Австри, Болгар, Унгар, Израиль, Польш, Словак, АНУ, Хорват, Чех болон Швейцарь уг гэрээнд нэгдэхээс татгалзжээ.
Связанные новости