Гүржийн сөрөг хүчний удирдагчийг цагдан хорьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТБИЛИСИ, 2025 оны тавдугаар сарын 23 /DW/. Гүржийн шүүх пүрэв гарагт сөрөг хүчний удирдагч Зураб Жапаризег цагдан хорих шийдвэр гаргажээ. Өнгөрсөн онд болсон томоохон эсэргүүцлийн жагсаалуудын дараа засгийн газрыг шүүмжлэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авах төлөвтэй байгаа энэ үед ийм алхмыг хийсэн байна.
З.Жапаризе
бол 2024 оны парламентын сонгуульд хоёрдугаарт орсон Өөрчлөлтийн төлөөх
эвслийн удирдагчдын нэг юм. Сөрөг хүчний намууд, тэдгээрийн дотор Өөрчлөлтийн
төлөөх эвслийн зүгээс 10 дугаар
сард болсон сонгуулийг
луйвардсан хэмээн эрх баригч
“Гүржийн мөрөөдөл” намыг буруутгаж, одоогийн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг бойкотлосоор байгаа юм.
2004-2012 оны хооронд экс ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн үед үйлдэгдсэн гэх гэмт хэргүүдийг мөрдөх явцад З.Жапаризег ирүүлэхээр дуудсан боловч тэрбээр татгалзсаар иржээ. Өнгөрсөн онд болсон жагсаалуудын үеэр олны анхаарлыг татсан З.Жапаризе мөн батлан даалтад гарахаас татгалзаж, парламентын мөрдөн шалгах ажиллагааг үл тоомсорлож байв. Тэрбээр уг ажиллагааг хууль бус, эрх баригч намын нөлөөнд автсан гэж буруушааж байна.
Түүний өмгөөлөгч Иракли Чомахашвили Франс Пресс агентлагт мэдээлэхдээ, шүүхийн шийдвэрийг “улс төрийн зорилготой, улс төрийн шүүмжлэлт дуу хоолойг боомилох гэсэн оролдлого” гэж тодорхойлжээ. Шүүх хурлын өмнө З.Жапаризе “хуурамч шүүх хурал”-ыг шүүмжилж, “Гүржийн мөрөөдөл” нам дарангуйлал руу хөтөлж байна” гэжээ.
Гүрж улсын
эрүүгийн хуульд зааснаар,
парламентын мөрдөн шалгах
ажиллагаанд оролцоогүй тохиолдолд нэг хүртэлх жилийн хорих ял оноодог. Түүнчлэн сөрөг хүчний бусад зүтгэлтнийг ч мөн адил гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Тэд
мөн парламентын мөрдөн шалгах ажиллагааг
хууль бус гэж үзэн оролцохоос татгалзаж иржээ.
Сөрөг хүчнийхэн
болон засгийн газрыг
шүүмжлэгчид Тбилисигийн засаг
захиргааг Москвагийн дарангуйлах тактикийг дуурайж, Гүржийг Европын Холбоонд элсэх хүсэл эрмэлзлээс нь холдуулж байна гэж буруутгаж байна. Харин Засгийн газрын үүнийг няцааж байгаагийн зэрэгцээ өнгөрсөн онд Ерөнхий сайд, “Гүржийн мөрөөдөл” намын дарга Иракли Кобахидзе ЕХ-нд элсэх асуудлаар Брюссельтэй хийх хэлэлцээг 2028 он хүртэл хойшлуулсан юм.