“Бизнесийн зөвлөх үйлчилгээ” гэсэн ойлголтыг хуульчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-17 15:14:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Жижиг, дунд бизнес эрхлэгчид юун түрүүнд санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байдаг ч түүнээс өмнө бизнес нь эрэлттэй, амжилт олох эсэхийг танин мэдэх нь зүйтэй гэдгийг “Consult expo 2018” Үндэсний зөвлөхүүдийн чуулган дээр ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан онцолж байв.

“Дээрх байдлыг зах зээлийн өнөөгийн байдал, бизнесийн өрсөлдөөн бэлхнээ харуулдаг. Тиймээс ЖДҮ-ийг чадавхжуулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллахад зөвлөх үйлчилгээ маш чухал гэдгийг төр, засгийн түвшинд ч тэр, бизнес эрхлэгчдийн хувьд ч ойлгох болжээ” гэдгийг “Хамтдаа бизнесээ дараагийн шатанд гаргацгаая уриатай “Consult expo 2018” Үндэсний зөвлөхүүдийн чуулганд оролцогчид тэмдэглэж, бизнесийн зөвлөх үйлчилгээний ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцан, төрөөс баримталж буй бодлогын талаар танилцав.


Нэг үеэ бодвол манай улсад нэмэгдсээр байгаа бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудын үйлчилгээний гол зорилго нь мэдлэг, мэдээлэл дутмаг ЖДҮ эрхлэгчдийг мэдээлэлжүүлэх, тэдний алдаа, дутагдлыг цаг тухайд нь олж харж, мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээ өгөхөд оршиж байна. Ингэснээр бизнес эрхлэгчдийн ур чадвар, бүтээмж дээшилж, үйлдвэрлэл хөгжинө.


Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зөвлөх үйлчилгээ хүч түрж байна. Манай улсад зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн ч гүйцэтгэж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний салбар хөгжсөнөөр нэмүү өртөг шингэсэн мэдлэгийн эдийн засаг хөгжих боломжтой гэж үздэг. Тиймээс “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” гэсэн ойлголтыг хуульчилж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй гэдэг үүднээс ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Жижиг, дунд үйлдвэрийн цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан бизнесийн зөвлөх үйлчилгээ явуулахад дэмжлэг үзүүлж, энэ төрлийн үйлчилгээг ЖДҮ эрхлэгчид үзүүлж болно” гэж заажээ.

Тодруулга: Улсын хэмжээнд бүртгэлтэй 155. 065 ААН-ээс 78.585 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 77 хувь буюу 60.330 нь ЖДҮ-ийн салбарт хамаарч байгаа юм. Энэ нь нийт ажиллах хүчний 47.6 хувь буюу 602.905 хүн ажиллаж байна.

Б.Болд

 

 

Связанные новости