Г.Бумчимэг: Эдийн засгийн 6.4 хувийн өсөлт ирэх онд хадгалагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-17 13:28:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эдийн засгийн 6.4 хувийн өсөлт ирэх онд хадгалагдана. Гэвч ирж буй 2019 онд хямрал ойр ойрхон давтагдан гарах эрсдэл бүхий байдал Монголын эдийн засгийг хүлээж байна” гэдгийг Монголын Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн захирал, эдийн засагч Г.Бумчимэг өнөөдөр болж буй “Bloomberg Finance forum-2018”  чуулга уулзалт дээр онцлов.

Тэрээр “Өнгөрч буй оны хувьд Монголд эдийн засгийн өсөлт сэргэж, цаашид тогтвортой хадгалагдахаар төсөөлөгдөж буй ч өсөлт сэргэхтэй зэрэгцэн урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэж байгаа”-г ч тэмдэглэв.


Bloomberg” телевиз болон “Нэйшнл Ньюс корпорэйшн” ХХК-иас зохион байгуулж буй чуулганыг нээж, “Bloomberg” телевизийн захирал Б.Долгион хэлэхдээ, “Ирэх онд сорил хямрал, эрсдэл, өсөлтийн аль аль нь асуйн өмнө болж буй энэхүү эдийн засгийн чуулганаар  ирэх онд биднийг юу хүлээж буйг хэлэлцэж, ярилцах зүйл их бий. Энэ утгаар ач холбогдолтой гэж бодож байна. Нэгэн эдийн засагчийн хэлснээр “Эдийн засгийн хямрал бол байгалийн шалгарал юм” гэсэн байдаг. Бодит мэдээлэлгүй, мэдээлэл сонирхдоггүй, улстөрчдийн амнаас гарч буй үг болгонд итгэдэг, өмнөх хямралыг мартаж чаддаг хэсэг нь амархан мөхөж арчигдан хаягддаг жамтай. Харин мэдээллийг задлан ялгаж чаддаг, дүгнэж үнэлэн няхуур хандаж, өмнөх алдаанаасаа суралцдаг өрсөлдөх чадвар сайтай хэсэг нь ялгаран үлддэг. Тиймээс өнөөдөр олон улсад төдийгүй, Монголд нэг зүйл хэт ойлгомжтой байдаг нь эдийн засгийн мөлчлөгүүд хямралаас хямралын хооронд савлаж байдаг. Үүнийг өөрсдийгөө тайвшруулах үүднээс мөн өсөлтөөс өсөлтийн хооронд гэж ярьж болох ч сэтгэлийн хөөрлөөс бодит байдалд шилжих учиртай.


Өнөөдөр Монгол Улсад эдийн засагтай холбоотой, холбоогүйгээр бие засах газар, хог, утаа гээд өдөр тутмын зүйлүүдээ ярьж, улиг болсон худалч улстөрчдийн  хоосон үгнээс хэтрэхгүй хэвээрээ, нэг янзаар байгаа нь хиймэл оюун ухаанд суурилан хөгжсөн аж үйлдвэрийн дараагийн хувьсгалыг хийж эхэлж буй дэлхийн дахины сэдэвтэй харьцуулахад үнэхээр ичмээр. Тиймээс бид хог, утаанаасаа салж жорлонгийн асуудлаа шийдээгүй байгаа шалтгаан нь эдийн засаг, өөр юу ч биш.

Тиймээс бид эхний чуулганаа утааны асуудлаар хийж байсан бол өнөөдөр эдийн засаг, санхүүд гарсан гол өөрчлөлт бүхий энэ оны дүн, валютын ханш ямар байх зэрэг ирэх оны төлөв, эрсдэл зэрэг олон асуудлыг хөндөж судлаач, шинжээч, эдийн засагчийг оролцуулж байна” гэв.


Үүний дараа “Bloomberg Finance forum-2018”  чуулга уулзалтын эхний илтгэл мэдээллийг Монголын Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Г.Бумчимэг тавьж, манай улсын эдийн засагт, эдийн засаг-санхүүгийн зах зээл дээр өнгөрч буй онд гарсан гол өөрчлөлтүүдийг товч танилцуулахдаа, “Монголын эдийн засаг 2016 оны сүүлээр огцом сэргэж, 2017 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж, 2018 онд эдийн засаг харьцангуй тогтвортой өсч, гол өөрчлөлт гэвэл өрхийн хэрэглээ сэргэсэн. Өсөлтөд хөрөнгө оруулалт мөн ихээхэн хувь нэмрээ үзүүлж ирснийг” онцолж, өсөлт сэргэхтэй зэрэгцэн урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэж байгааг тэмдэглэж байв. Энэхүү алдагдал 2015-2016 онд нэлээд бууж эхэлсэн боловч эдийн засгийн өсөлттэй зэрэгцээд 2017-2018 онд ДНБ-ний 9-12.3 хувьтай тэнцэхээр өссөнийг онцолж байна.

2018 онд экспорт өссөн боловч өрхийн хэрэглээний өсөлт, хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой импорт нэлээд эрчимжиж экспортоос “тасраад” буйг мэдээлээд эдийн засгийн 6.4 хувийн өсөлт хадгалагдахаар байгааг онцлон тэмдэглэв.

Монголд эдийн засгийн хямрал яагаад бий болдгийг эдийн засагч Г.Бумчимэг “тодорхойлж” хэлэхдээ, “Манайд эдийн засгийн өсөлт гадаад эрэлтээс шалтгаалаад саараад ирэхээр эдийн засгийг сэргээх үүднээс тэлэх бодлого барьж явуулж эхэлдэг. Энэ нь импортыг ихээр нэмэгдүүлж, ингэснээр валютаар олж байгаагаасаа илүүг зарцуулж, урсгал тэнцэл алдагдалтай гарахад хүрч улмаар валютын нөөцөд дарамт ирдэг. Улмаар төгрөгийн ханшийн сулралыг хамгаалах шаардлага нийгэм, улстөр дээр дооргүй гарч ОУВС-нд ханддаг ийм дүр зураг сүүлийн жилүүдэд гарч буй”-г тодотгож байв. Ирэх 2019 онд эдийн засгийн хямрал ойр ойрхон давтагдан гарах эрсдэл бүхий байдал Монголын эдийн засгийг хүлээж байна.


Монгол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш суларсан шалтгааныг өнөөдрийн чуулганаар:

  • Эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн импорт өсч сүүлийн нэг жилд нэг тэрбум ам.доллараар нэмэгдсэн.
  • Импортын хэрэглээ ийнхүү өссөнөөр ам.долларын эрэлт нэмэгдснээр ААН-үүд валютын зээл рүү хошуурсан,
  • Их гүрнүүдийн худалдааны дайн, газрын тосны үнийн хэлбэлзэл, АНУ-ын бодлоготой холбоотойгоор валвтынханш өндөрссөн зэрэг гадаад зах зээлийн байдал нөлөөлжээ. Тиймээс Монголбанк дотоод зах зээлд сүүлийн нэг жилд 1.2 тэрбум ам.долларын нийлүүлэлт хийгээд баййна. Монгол Улсын валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болж, сүүлийн 6 жилд анх удаа өндөр хэмжээнд хүрээд байна. Цаашид төгрөгийн ханш огцом сулрахгүй байх арга хэмжээг Төвбанкнаас авч байна хэмээн мэдэгдлээ.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости