“Даншиг наадам”-ыг олон улсын аялал жуулчлалын эвент болгохыг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жуулчны
улирлын хугацааг сунгах, агаарын дотоодын тээврийг түлхүү хөгжүүлэх, манай улс
дахь “Цайн зам”-ын дагуу хөшөө, пайз босгож жуулчлалын зам гаргах зэрэг ажлыг
эхний ээлжинд хийж 500 мянгаас сая жуулчин авах зорилтыг хэрэгжүүлэх ажлыг ирэх
оноос эрчимтэй хийх хэрэгтэй байгаа талаар өнөөдөр болж буй “Аялал жуулчлалын
судалгаа-2018” эрдэм шинжилгээний хурал дээр хөндөж байв.
Аялал жуулчлалын салбарын судалгааны ажил, төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээлийг нийтийн хүртээл болгох, улмаар хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэ удаагийн хурлыг зохион байгуулж буйг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг гүйцэтгэгч С.Баясгалан тэмдэглэн хэлсэн юм.
Тэрээр БОАЖЯ-аас аялал жуулчлалын талаар баримтажлж буй гол хүчин зүйл нь нэгд, гадаадын жуулчдын тоог нэмэх, ингэснээр дотоодын эдийн засагт аялал жуулчлалаас орж ирж байгаа эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэж байна. Монгол Улсад ирж байгаа жуулчдад бид сэтгэл ханамжийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлснээр дахин ирэх, эерэг сэтгэгдлээр дамжуулж жуулчдын тоог илүү нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай. Бидний өмнө тулгамдаж буй гол асуудал нь дэд бүтэц.
БОАЖЯ-наас энэ жил “Аялал жуулчлалын гол чиглэл” гэсэн бодлогыг Засгийн газраар батлуулсан. Өргөн уудам газар нутагтай орны хувьд манай улсад жуулчид ганц, хоёр чиглэл рүү явдаггүй. Бүх газрын дэд бүтцийг хөгжүүлнэ гэдэг хүндрэлтэй. Тиймээс эхний ээлжинд аль болох жуулчин дийлэнхдээ явж байгаа газруудаа тогтоогоод тухайн газруудад нэн тэргүүнд жуулчлалын ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч, дэд бүтцийг нь бий болгох зорилтын хүрээнд бодлогын баримт бичгийг баталсныг дуулгасан юм.
Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, судлаач, багш Д.Батболд хэлэхдээ, “Манай улсын хэмжээнд энэ жил 20 гаруй их, дээд сургуульд 1-4-р курст 1200 гаруй оюутан аялал жуулчлалын чиглэлээр сурч байна. Саалаа бэлдэхээр саваа бэлд гэдгийн адил энэ салбарт ажиллах боловсон хүчин, хүний нөөцийн тоог улам нэмэгдүүлж бэлтгэх нь чухал байгаа”-г онцолж байсан бол профессор Д.Гансүх, манай улсад аялал жуулчлалын мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэхэд эрхзүйн чадамж, зохицуулалтаас илүү салбарын холбоодын мэргэжлийн үйл ажиллагаа чухал юм гэдгийг хэлж байв..
БОАЖЯ, Аялал жуулчлалын
боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулж, Монголын Аялал
жуулчлалын холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Соёлын өвийн
үндэсний төв, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцсон
өнөөдрийн хурлаар аялал жуулчлалын боловсрол, аялал жуулчлалын сонирхлын зах
зээл, соёлын бүтээгдэхүүн, газар зүйн мэдээллийн системийг хөгжүүлэх гээд аялал
жуулчлалын салбартай холбоотой судалгааны ажлуудтай танилцаж, мэдээлэл солилцон
үндсэн
4 илтгэл, салбар хуралдаанаар 26 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэн хурлаас
гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн аялал жуулчлалын салбарын бодлого
төлөвлөлт, боловсролын байгууллагуудын цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллахаа БОАЖЯ-наас мэдэгдэж байв.
Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, профессор Д.Гансүх “Торгоны замын судалгаа ба Монголын аялал жуулчлал” сэдвээр тавьсан илтгэлдээ, “Нүүдлийн соёл уламжлал, аж төрөх арга ухаан өнөөдөр дэлхий нийтэд “моодонд” орж байгааг ашиглаж бид өв соёлоо бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх, улмаар аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй юм. Ийм боломж бидэнд гарч ирж байна” гэдгийг онцлоод
“Бид энд тийм ч ажлыг зохиож хийнэ гэж ярьж сууж байх хооронд Киргиз улс “Дэлхийн нүүдэлчдийн наадам” гэсэн эвент арга хэмжээг аль хэдийнэ гаргаж ирэн өөрийн болгон аялал жуулчлалаа амжилттай хөгжүүлж буй” жишээг хэлж байв. Тиймээс энэ тал дээр манай улс нийслэл хотноо Хүй долоон худагт уламжлал болгон зохион байгуулдаг “Даншиг наадам” арга хэмжээгээ жил бүр тасралтгүй хийж, дэлхийн аялал жуучлалын нэг эвент болгохыг зорих хэрэгтэй гэдэгт оролцогсод санал нэг байв.
БОАЖЯ-ны Аялал
жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, манай улсад ирж буй
гадаадын жуулчдын тоог хилээр орж гарч буй зорчигчдын хөдөлгөөний мэдээллээс
авч байгаа болохоос дотооддоо аялж буй монголчуудынхаа тоог хүртэл бүрэн авч
чадахгүй байгаа тул энэ талын дата мэдээллийн системтэй болох шаардлага байгааг
тэмдэглэж байв. Тоон үзүүлэлтээс харахад манай улс 500 мянгаас доошгүй жуулчин
авна гэсэн зорилт, төлөвлөгөөтэй ажиллаж байгаа жуулчдын тоо 2017 онд гарсан
472 мянгаас хэтрэхгүй байгааг дурдаж байв. Нийслэл хотын зүгээс ирэх оны 5, 6 сараас “Улаанбаатарт тавтай морил” аялал жуулчлалын үзэсгэлэн
гаргаж, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудыг зуны байнгын ажиллагаатай
байлгах төлөвлөгөө гаргажээ.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ