АНУ-д оршин суух эрх авахын тулд цагаачид өлсгөлөн зарлах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-11-29 11:51:41
МЕХИКО. /AP/. Мексик-Америкийн хилийн бүсэд буй Төв Америкийн орнуудын цагаачид АНУ-д оршин суух эрх авахын тулд өлсгөлөн зарлахаар төлөвлөж байна.

“Universal” цахим хуудаст мэдээлж буйгаар, өлсгөлөн зарлах нь тэднийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэх бодолгүй байгаа АНУ-ын эрх баригчдын байр суурийг “зөөлрүүлэх” хэрэгсэл болж чадах эсэхийг цагаачдын ахлагч нар удахгүй шийдэх аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Тихуана хотод Төв Америкийн орнуудын иргэд болох 6000 гаруй цагаач байгаагийн дийлэнх нь Гондурасын иргэд юм.

Цагаачдын зарим нь хүчээр хил нэвтрэхийг оролдсон боловч Америкийн цэргүүд тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэж зогсоосон. Энэ үйл явдалтай холбоотойгоор Мексикийн эрх баригчид 500 цагаачаас 98-ыг нь албадан нутаг буцаасан билээ.
Связанные новости