Монголбанк, Топ аж ахуйн нэгжүүд мөнгөний бодлогын талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-28 15:40:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк өнөөдөр томоохон 200 аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзаж, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх зорилгоор "МонТоп-200" сэдэвт уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг нээж Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ "Төрийн бодлогын бодит үр дүнг гаргахын тулд баялаг бүтээгч хоорондын харилцан уялдаа холбоо маш чухал тул ийм уузалтыг жил бүр зохион байгуулж, цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилго тавьж буй"-гаа хэлэв. Уулзалтаар 2018 оны мөнгөний бодлогын хэрэгжилт болон эдийн засагт тулгарч буй сорилтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн, оролцогч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөллийн санал хүсэлтийг сонсч, санал асуулга явуулав. Санал асуулгын зорилго нь Монгол Улсын томоохон ААН-үүдийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, хууль эрх зүйн орчны талаарх санал бодлыг тандаж, мөнгө, төсвийн бодлогод тусгахад оршиж байгаа аж. 

Энэ үеэр валютын ханшийн үелзэл компани, ААН-үүдийн төлөвлөлттэй уялдуулан своп хэлцэл хийж байх хамгаалалт хэрэгтэй гэсэн саналыг “Мобиком” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Үнэнбат хэлэв.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэлийн талаар танилцуулсан. Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гарсаныг мэдээлж, ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлж, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшинд дарамт учруулж байна. Иймд, Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжлийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” гэв.


Манай улсад хэрэглээний үнийн индексээр хэмжсэн жилийн инфляци энэ оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотод 6.8 хувьтай байна. Хэдийгээр түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засаг энэ оны 3 дугаар улиралд хүлээлтээс давж 6.7 хувиар өссөн боловч эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байна. Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах зорилттой нийцэж буй бөгөөд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна” гээд мөнгөний бодлого бизнес эрхлэгчдэд өнөөгийн нөхцөл байдалд ямар шийдвэр гаргах нь чухал хэрэгтэй мэдээлэл болдогийг онцлов.

Уулзалтад оролцогсдын үгийг хүргэвэл,MSC coca cola” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав, Гадна дотны хамаарал ихтэй байдаг манай эдийн засгийн орчны нөхцөлд бизнес эрхлэгч бидэнд Төвбанкны зүгээс мөнгөний бодлого, эдийн засаг, санхүүгийн байдлын талаар мэдээлэл өгч байгаа нь эдийн засгийн аль ч түвшинд нөхцөл байдлын хүлээлт ямар байх, төлөвлөлтөө хэрхэн хийхэд чухал. Тиймээс ийм уулзалт хэлэлцүүлгийг улирлын чанартай манай эдийн засгийн бүтээн байгуулалт эхлэх хавар, мөнгөний бодлогыг хэлэлцэж батлахын өмнө өвөл гэх мэтээр цикл үед тааруулан жилд хоёр удаа хийж байх нь чухал байна” гэсэн санал хэлж байсан бол Монголын Хөрөнгийн биржийн дэд захирал О.Хуягцогт,

“Мөнгөний бодлогын хэрэгжилтэд салбарын буюу банк, санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоо чухал байна. Үүнийг төр, засгийн холбогдох, зохицуулалтын байгууллагууд хангаж ажиллах үлдээд байна” гэв.

Тэрээр, өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр 220 компани бүртгэлтэй байгааг мэдээлээд, өмнө нь бүртгэлтэй байсан 430 ААН-ээс 180 гаруй нь бүртгэлээс хасагдаад байгаагийн шалтгааныг санхүү, эдийн засгийн нөхцөл байдалтай холбохоос гадна ААН-үүд компанийн нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллах тал дээр учир дутагдалтай байгааг анхаарахыг чухалчлав.“Мобиком” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Үнэнбат, “Манай компанийг хүмүүс ихэвчлэн гадаадынх гэж ойлгоод байдаг. Компанийн нийт ажиллагсдын 99 хувь нь монголчууд, бид Монгол бүтээгдэхүүн гаргадаг Монголын компани. Тиймээс компаниудад ялгавартай хандах бус, эсрэгээр тэгш байдлыг хангах чухал байна. Энэ тал дээр хил, гаалиас аваад татвар төлөлт дээр хүртэл хаана хаанаа анхаарч ижил шаардлага тавьж ажилламаар байна. Технологиийн компаниуд богино хугацаанд их хөрөнгө оруулалт хийдэг онцлоготой атал одоо худалдан авалтын боломж улам хумигдсаар, төгрөг дээр суурилсан үйл ажиллагаа маань валютын өртөгтэй болоод байна. Тиймээс валютын ханш дээр своп урьдчилсан гэрээ хэлцэл хийх зэрэгт компани, ААН-үүдийн бизнес төлөвлөгөөний дагуу уялдуулан уян хатан хандсан хамгаалалтын арга хэмжээ бүхий зохицуулалтыг хийж баймаар байна.


Үүнээс гадна эдийн засаг, бизнест улстөрийн зүгээс гарах эрсдэл 70 хувь хүртэл хамааралтай байна” гэдгийг онцолж байв. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн асан, Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэл, “Манай парламент дээр төр, засгийн зүгээс эдийн засаг, мөнгө санхүүгийн талаар заримдаа огцом мэдэгдэл хийх нь нийгэмд хүлээлтийн байдал үүсгэж, эдийн засагт сөргөөр нөлөөлөх буруу зуршил тогтож байгаа нь тогтворжиж буй бизнес, эдийн засгийн байдлыг унагах аюултай” гэсэн санал хэлэв. 

Бизнес эрхлэгчдийн санал, сэтгэгдлийг сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн өнөөдрийн уулзалт дээр Монголбанкны зүгээс ААН-үүдийн төлөөллөөс инфляцийн түвшний хүлээлт, валютын ханшийн өөрчлөлтийн талаар компаниуд юу хийж ямар өөрчлөлтийг хүсч буй талаар санал асуулга авсан юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

                                                                     

 

 

 

Связанные новости