Мексикт ажлын байр бий болгоход АНУ хамтран ажиллахад бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /RIA Novosti/. Цагаачлалын асуудлыг ажлын байр бий болгох замаар шийдэхийн тулд Мексикийн шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео пүрэв гарагт мэдэгджээ.
Мексикийн шинэ Засгийн газрыг тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор үүрэгт ажилдаа орсны дараа буюу энэ оны 12 дугаар сарын 1-нд эмхлэн байгуулна.
“Хоёр орны харилцааны бүх чиглэлээр, түүний дотор Мексикийн Засгийн газар болон ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн ялангуяа тус улсын өмнөд бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн боломжийг судлахад хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээн Помпеогийн мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мексикт ирсэн цагаачдын цувааг Америкийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Мексикийн Дотоод хэргийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-тай хил залгаа оршдог Тихуана болон Мехикали хотод Гондурас, Гватемал болон Сальвадороос ирсэн 5600 цагаач байна. Цагаачдын зарим нь эх орондоо буцахаар, зарим нь Мексикт үлдэхээр шийджээ. Аюулгүй байдлаа хангах зорилгоор АНУ-ын эрх баригчид хэдэн мянган цэргээ хил дээр байрлуулсан билээ.