Эрхүү мужаас Монголд 31 сая ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.ОХУ-ын бизнес эрхлэгчид Монголд ирж үзэсгэлэн-худалдаагаа гаргадаг “Азийн хаалга-2018” олон улсын арга хэмжээ 11 дүгээр сарын 20-нд МҮХАҮТ-ын Их танхимд нээгдэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-ны Худалдааны төлөөллөөс болон МҮХАҮТ-аас хэвлэлийн хурал хийлээ.
Монголд 29 дэх удаагаа болж буй “Азийн хаалга-2018 (“Ворота в Азию”) үзэсгэлэн-худалдааг энэ удаа ОХУ-ын Эрхүү мужаас зохион байгуулж, тус мужийн ХАА-н сайд тэргүүлсэн 5 бүс нутгийн амбан захирагч, бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож буйг Эрхүү хотын “Бизнес Контакт” компанийн захирал А.Сидоров мэдээлэв. Тэрээр, өнгөрсөн хугацаанд “Азийн хаалга” үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын талаас 850 компани, ААН оролцож байснаас 20 гаруй хувь нь Монголд хэдийнэ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн үр дүнг хэлж байв. Харин Монголын талаас “Боргио” шар айраг, хиам, бууз зэрэг хүнсний бүтээгдэхүүн Эрхүүд нэвтэрч эхэлснийг дурдаж тэр хэмжээгээр Монголын компаниуд Эрхүүгийнхэнтэй хамтран ажиллаж байгааг хэлж байлаа.
Эрхүү мужаас Монголд 31 сая ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж, экспорт 8 хувиар нэмэгдсэнийг тус мужийн ХААЯ-ны төлөөлөл В.О.Козин өнөөдрийн хэвлэлийн хурал дээр мэдээлсэн. Тэрээр, Монгол Улс Эрхүү мужийн гол түнш бөгөөд мужийн экспортын 68 хувь Монгол Улсад ногдож байна гэв.
Түүнээс Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноос арьс шир зэрэг хуучин гаргаж байсан уламжлалт бүтээгдэхүүнийг ОХУ-д, Эрхүү мужид экспортлоход гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар тодруулахад, “Манай муж Монголоос үхрийн мах авч байгаа. Мал эмнэлгийн хорио цээртэй холбоотой асуудал гардаг. Бид энэ тал дээр тухай бүр зохицуулж шийдээд явдаг” гэж байв.
Манай улсаас ОХУ-д экспорт хийхэд хил, гааль дээр
импортын татвар өндөр, 40-68 хувь (хагас
боловсруулсан нэхий гэхэд 15, ноос ноолуур 25 хувийн татвартай) байдаг нь манай үйлдвэрлэгч, бизнесийнхэнд
учирдаг гол бэрхшээл гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш
хэлсэн. Тэгээд ч ОХУ-ын муж, бүс нутгууд экспорт, импорт хийхэд Москвагаас тогтоосон квоттой байдаг, тэр хэмжээгээр зөвшөөрөл авах болдог зэрэг эдийн засгийн хүндрэл бий аж. Дээрх асуудлыг
маргааш нээх “Азийн хаалга-2018” олон улсын үзэсгэлэн-худалдааны үеэр болох
хоёр талын бизнесийн ажил хэргийн уулзалтууд дээр ч хөндөх юм байна.
Б.Болд
Гэрэл
зургийг Б.Чадраабал