Өндөр технологи нэвтрүүлэхэд манай эрдэмтэн судлаачид амжилттай ажиллаж байгааг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар
/МОНЦАМЭ/. “Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрлэлийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх нь малын гаралтай түүхий эдийн нэмүү өртөг
шингэсэн үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх зорилготой юм” гэдгийг өнөөдөр
чуулсан “ХХААХҮ-ийн салбарын шинжлэх ухаан, технологи,
инноваци-2018” чуулганд хүргүүлсэн илгээлтэдээ УИХ-ын дарга М.Энхболд онцолжээ.
ХХААХҮЯ,
БСШУСЯ хамтран хоёр дахь
удаагаа зохион байгуулж буй Үндэсний чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга
М.Энхболдын хүргүүлсэн илгээлтийг УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Мөнхжаргал уншиж танилцуулсан юм.
Илгээлтэд, "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг тодорхой
бодлого, зорилттойгоор хөгжүүлэх, улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг
өргөжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боломж, нөөцөө бүрэн ашиглах, шинжлэх
ухаан, технологийн шинэ ололт, инновацийг шингээсэн үйлдвэрлэлийн шинэ бүтцийг
төлөвшүүлж, хөгжлийг тэтгэх нэгэн гол хөшүүрэг болгон ашиглах нь нэн чухал
болсон цаг үед энэхүү чуулган чуулж буйг дэмжин сайшааж байгаагаа илэрхийлье.
Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрлэлийн салбарт биотехнологи, өндөр технологи нэвтрүүлэх замаар үр
ашгийг дээшлүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, инновацийн
экосистемийг бүрдүүлэх, шинэ үүлдэр, сорт бүтээх, нутагшуулах, хөнгөн хүнсний
үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүн, малын эрүүл мэндийг
хамгаалах, малын гаралтай түүхий эдийн, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн
кластерийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр манай эрдэмтэн судлаачид чамлахааргүй
амжилттай ажиллаж байгааг дурдахын ялдамд салбарын шинжлэх ухаан, дээд
боловсролын байгууллагууд өнөөгийнхөөсөө илүү хүчин чармайлт гаргах
шаардлагатай байгааг тэмдэглэе" гэсэн байна.