Японы Засгийн газар цагаач ажилчдын тоог нэмэгдүүлэх хуулийн төсөл батлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /TASS/. Хөдөлмөрийн цагаачдын тоог хязгаарлахыг эрс багасгах зорилготой шинэ хуулийн төслийг Японы сайд нарын танхим баталжээ. Энэ тухай тус улсын Засгийн газар мэдээлэв.
Уг хуулийн төслийг парламентад удахгүй өргөн барьж, ойрын үед батлах төлөвтэй байна. Шинзо Абэ тэргүүтэй Японы Засгийн газар шинэ хуулийн төсөл нь тус улсад 2019 оны санхүүгийн жил эхлэх үед буюу ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж тооцоолж байгаа аж.
Шинэ хуулийн төслийн хүрээнд бусад орноос ирсэн мэргэшсэн ажилчдад Японд удаан хугацаагаар оршин суух эрхээс байнгын оршин суух зөвшөөрөл олгохоор заажээ. Энэ нь барилга, хөдөө аж ахуйн салбарын мэргэжил эзэмшсэн болон өндөр настан, өвчтэй хүмүүсийг асрах хүмүүст хамаатай аж. Японд эдгээр салбарт ажиллах хүч хамгийн их дутагдалтай байна.
Японд гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлт одоогоор маш хязгаарлагдмал байгаа бөгөөд ийм зөвшөөрлийг зөвхөн цөөн тооны салбарт чухал мэргэжил эзэмшсэн хүмүүст тухайлбал, шинжлэх ухааны ажилтан, багш, хөгжимчин, спортын дасгалжуулагч нарт олгодог ажээ. Тус улсад гадаадын иргэдэд биеийн хүчний хөдөлмөр эрхлэх зарчмын хувьд хориотой боловч сүүлийн үед зарим хөнгөлөлт үзүүлж эхэлсний нэг нь хөгжиж буй орноос ирж буй дадлагажигчдыг тодорхой хязгаарлалтайгаар хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрчээ.
Одоогийн байдлаар 126 сая хүн амтай Япон улсад 1,28 сая гадаадын ажилчин, албан хаагч бүртгэлтэй байдаг байна. Тэдний дийлэнх нь Хятад, Вьетнам, Филиппин улсын иргэд аж.