Дэлхийн хуримтлалын өдрөөр санхүүгийн боловсролыг иргэдэд олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-26 09:51:54

Завхан/МОНЦАМЭ/.Завханд дэлхийн хуримтлалын өдөрт зориулсан олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, өрх бүрт санхүүгийн боломж олгох өдөрлөг 10 дугаар сарын 29-31-нд болно. Энэ арга хэмжээг олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилгаар Монгол банкны Завхан салбар, Шинэ санаа, шинэ шийдэл ТББ хамтран зохион байгуулах ажээ.

Өдөрлөгийн үеэр иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш  бэлтгэх хоёр өдрийн сургалт болох бөгөөд цаашид энэ сургалтаас бэлтгэгдсэн багш нар иргэдэд санхүүгийн боловсрол олгох олон талын сургалт сурталчилгааны ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Хуримтлал миний амьдралд эссе бичлэг, уран зургийн уралдааныг зарлаад буй.

Хуримтлалын өдрийг тэмдэглэх үеэр эссээ бичлэг, уран зургийн уралдааны шилдгүүдийг шалгаруулах бөгөөд орон нутгийн арилжааны банкныхан хуримтлалын бүтээгдэхүүнээ танилцуулж хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг иргэдэд үзүүлнэ. Мөн аймгийн Хөгжимт жүжгийн театрт иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хуримтлалын үнэ цэнийг ойлгуулах, сурталчлан таниулах зорилготой илтгэл хэлэлцүүлэх аж. Тухайлбал Ажилгүйдэл, ядуурал ба санхүүгийн боловсрол", Хөрөнгийн зах зээл гэж юу вэ?, Хуримтлал ба хадгаламж зэрэг сэдвээр мэдээлэл өгөх аж.  Тиймээс хуримтлалын өдрийн арга хэмжээнд иргэдийг идэвхитэй оролцохыг уриалж байна хэмээн зохион байгуулагчид мэдээлэв.


Даван туулах чадварыг нь бэлгэдэж “Тэмээ”-г хуримтлалын бэлгэ тэмдэг болгожээ


“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах зорилгоор ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд зохион байгуулж иржээ.

Монгол улсын хувьд анх 2012 онд Монголын Банкны Холбоо энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг гаргаж, нийт иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж иржээ.

Түүнээс хойш жил бүрийн 10 дугаар сарын 31-нд Үндэсний хуримтлалын өдрийг тэмдэглэдэг байхаар болсон. Энэ өдөрт зориулж улс үндэстэн бүр өөрийн ёс заншил, ахуй соёлдоо нийцсэн бэлгэдлийг Хуримтлалын өдрийн бэлгэдэл болгосон байдаг аж.

Харин Монгол Улс “Үндэсний хуримтлал”-ын өдрийн бэлгэ тэмдэгийг “Тэмээ-ээр дүрсэлжээ. Энэ нь таван хошуу малын нэг тэмээ эртний торгоны замаас өнөөг хүртэл жин тээж, Монголчуудын эд баялаг тээвэрлэгч байсан. Мөн тэмээ нь хоёр бөхөндөө ус нөөцөлж, олон хоног усгүй амьдарч чаддаг бие махбодийн онцлогийг нь,  эрсдэлтэй үеийг даван туулах чадварыг бэлгэджээ.


Иймд ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд санхүүгийн хувьд бэлэн байх.Олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, өрх бүрт санхүүгийн боломж олгох УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилгын хүрээнд зохион байгуулж буй өдөрлөгт иргэд нээлттэй оролцсоноор хуримтлалын өдөрт зориулсан үр өгөөжтэй үйл ажиллагаануудад оролцох боломжтой юм.

Тухайлбал 10 дугаар сарын 30-ны өдөр "Гүүдсек" брокерын компани 1072 хувьцааны данс нээх, цэнхэр, ягаан тасалбарын талаарх мэдээллийг иргэдэд өгнө хэмээн өдөрлөгийг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлэв.

Б.Мягмарсүрэн   

 

Связанные новости