Алан Турлей: Хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-25 13:31:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  АНУ-ын ЭСЯ, Монгол-Америкийн худалдааны танхим хамтран саяхан хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.

Уулзалт хэлэлцүүлэг нь өнгөрсөн 7 хоногт манай улсад айлчилсан АНУ-ын Худалдааны яамны БНХАУ, Монгол Улсыг хариуцсан туслах нарийн бичгийн орлогч Алан Турлей болон түүний дагалдан яваа бизнесийн төлөөллийн хүрээнд боллоо. АНУ-ын бизнес бүрэлдэхүүнийг ахалсан Алан Турлей хэлэхдээ “Хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. АНУ-ын Худалдааны танхим гишүүн компаниудаа дэмжих, Монголд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажилладаг. Бид Монгол Улсад тусгайлсан айлчлал хийсэн. АНУ-ын Худалдааны танхимаас цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, тогтмол үйл ажиллагаа явуулах, тогтсон хөтөлбөртэй болох талаар онцгойлон анхаарна” гэлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын харилцаа холбоо, ХАА, хүнсний аюулгүй байдал, эм, хүнс хөдөө аж ахуйн хэмжилт, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд хүрэлцэн ирсэн юм.

Манай улсын талаас Монголын Газар тариалангийн холбоо танилцуулга хийв. Мөн Монголын Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат махны экспортын өнөөгийн байдал, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах Монголын хүнсний үйлдвэрлэл болон холбооны танилцуулга, МҮХАҮТ-ын дэргэдэх Усны бодлогын зөвлөлийн дарга Г.Лхагвасүрэн “Монгол Улсын усны бодлого” сэдвээр илтгэл тавилаа.


Б.Болд

 

Связанные новости