Дархан-Уул, Баянхонгорт нээсэн алт сорьцлох төвүүд эхний алтаа хүлээн авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногт Дархан-Уул, Баянхонгор аймагт нээсэн алт сорьцлон худалдан авах лаборатори төвүүдэд өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймаг 15.5 кг, Баянхонгор аймагт 2.9 кг алтыг тус бүр худалдан аваад байгаа талаар өнөөдөр Монголбанкнаас мэдээллээ.
Орон нутагт алт сорьцлон
худалдан авах лаборатори бүхий төвийг байгуулсан нь алтны худалдааг албан ёсны,
ил тод, баталгаатай болгон дэмжиж буй үйл ажиллагаа юм гэдгийг Монголбанкнаас
дахин илэрхийлж байна. Учир нь Төв банкнаас дотоод валютын албан нөөцийг өсгөхөд
анхааран ажиллаж, энэ үүднээс алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилт тавин энэ
онд 22 тонн алт хүлээн авахаар төлөвлөөд байгаа юм.
Орон нутагт анхлан
нээсэн алт сорьцлох лаборатори, алт худалдан авах төвүүдийг Үнэт металлын
сорьцын хяналтын улсын алба, Монголбанк, Швейцарийн Хөгжлийн агентлагаас
хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд хамтран байгуулаад
байгаа юм.
Б.Болд