Монголбанк: Хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар шийдвэрлэсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар
/МОНЦАМЭ/.Монголбанк өнөөдөр мэдээлснээр ААН-үүдийн зээлийн эрэлт өнгөрсөн 6 сарын хугацаанд бага зэрэг буюу 19 хувиар өссөн бол, харин иргэдийнх нэлээд хэмжээгээр буюу 22 хувиар өсчээ.
Тодруулбал,
Төв банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир "Зээл өмнөх сараас 435 тэрбум төгрөгөөр буюу 3 хувиар өссөн. Нийт зээл хоёр их наяд
төгрөг байгаагаас төгрөгийн зээл 12.9 их наяд төгрөг, ам.долларын зээл 3.3 их
наяд төгрөг байна. Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 399 тэрбум төгрөг буюу гурван хувиар
өсчээ. Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 27 тэрбум
төгрөг буюу гурван хувиар, чанаргүй зээл өмнөх сараас 8 тэрбум төгрөг буюу
нэг хувиар тус бүр буурав. Хугацаа хэтэрсэн нийт зээлийн 84 хувийг хувийн байгууллагын, нийт
чанаргүй зээлийн 82 хувийг хувийн байгууллагад олгосон зээл бүрдүүлж байна” хэмээн тодотгов. Арилжааны банкууд өнгөрсөн 3 сарын хугацаанд ААН болон
өрхүүдэд олгох зээлийн хүүгээ тус бүр тодорхой хувиар бууруулсан нь ажиглагдсан бол ирэх 3 сард зээлийн нөхцлөө өөрчлөх
хандлагагүй байгаа аж.
Сар бүр тогтмол хийдэг хэвлэлийн бага хурлаар Монголбанк санхүү эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, төлөв Монголбанкнаас
авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгдөг дагуу: Инфляцийн тухайд Монголбанк олон улсын
туршлагад тулгуурлан иргэд, ААН болон шинжээчдийн инфляцийн хүлээлтийг улирал
бүр тооцдог бөгөөд энэ оны 3-р улиралд явуулсан түүвэр судалгаагаар иргэд инфляцийг дунджаар
2018 оны эцэст 8.4 хувь, ААН-үүд 4.5 хувь, шинжээчид 8.5 хувьтай
байхаар хүлээж байгаа аж. Судалгаанд хамарсан иргэдийн 86 хувь, бизнес
эрхлэгчдийн 83 хувь 2018 оны 4 дүгээр улиралд инфляцийг зорилтот түвшин
болох 8 хувиас бага байхаар хүлээж байна. Банкууд инфляцийн түвшнийг энэ оны
эцэст 8 хувь, 2019 оны II улиралд 7.7 хувь
байхаар хүлээж байна. Энэ оны эцэст хамгийн ихдээ 9.8 хувь, 2019 оны II улиралд мөн хамгийн ихдээ 9 хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.
Валютын ханшийн хувьд
өнгөрсөн оны 1-р улирлаас эхлэн төгрөгийн ханш чангарна гэсэн
хүлээлт огцом нэмэгдсэн. 2018 оны III улиралд явуулсан судалгаагаар иргэдийн
дунд төгрөгийн ханш ирэх 12 сарын хугацаанд чангарна гэсэн хүлээлт хэвээр
байна. Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон
асуултдаа хариулт авав.
-Хөгжлийн банкны 500
тэрбум ам.долларын санхүүжилт орж ирснээр валют, төлбөрийн тэнцэлд хэрхэн
нөлөөлөх вэ?
-Энэ нь Монголбанкны
санхүүгийн дансны ашгийг нэмэгдүүлж байгаа. Тийм болохоор төлбөрийн тэнцлийн
нийт ашгийг нэмэгдүүлэх нөлөөллийг үзүүлнэ. Энэ оны 8 сарын байдлаар төлбөрийн тэнцэл нь
400 орчим сая ам.долларын алдагдалтай гарсан. Тиймээс цаашид ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хүлээж байгаа урсгал нь санхүүгийн
дансны ашгийг нэмэгдүүлэх нөлөөллийг үзүүлэхээр байгаа. “Оюутолгой” ХК-ийн урсгал сар болгон ирж байгаа. Үүний дээр АХБ-ны валютын хөрөнгө
оруулалт, санхүүжилтийн урсгал хүлээгдэж
байгаа.
-Хэрэглээний зээл
өссөөр байгаад Монголбанк ямар бодлого баримталж байна?
-Хэрэглээний зээлийг алгуур бууруулах бодлого
баримталж байгаа. Ингэхдээ иргэдэд дарамт багатай бууруулна. Энэ дээр 2019 онд ямар бодлого баримтлах талаар урьдчилсан шийдвэрүүдийг гаргаад
байгаа. 6 дугаар сард иргэдэд олгосон хэрэглээний зээлийн өр, авлагын
харьцааг хамгийн ихдээ 70 хувь байхаар тогтоосон. Есдүгээр сард ипотекийнхээс
бусад хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар шийдвэрлэсэн. Энэ нь
ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нөгөө талаар иргэдийн хэрэглээний зээлийг
бууруулах замаар бизнесийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, ажлын
байр орлого нэмэгдэх боломжийг илүү дэмжиж байгаа юм.