Импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-24 10:02:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Гурван марал” ХХК БНХАУ-аас оруулж ирдэг эмульс, замаск зэрэг барилгын материалуудыг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол “Хос Аз” компани арьс шир зэрэг малын түүхий эдээ ашиглан хүүхдийн чанартай гутал хийж Япон улс руу экспортолж байна.

Үндэсний үйлдвэрлэгчид ийнхүү импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж буй жишээ олон байгааг саяхан “Мишээл Экспо” төвд болсон арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний “Монгол экспорт экспо-2018” үзэсгэлэн-худалдааны үеэр танилцуулсан юм.

"Гурван марал” ХХК-ийн хувьд хэдийгээр Хятад улсын тоног төхөөрөмж ашиглан үйлдвэрлэлээ явуулж байгаа ч түүхий эдээ дотоодоос бүрэн хангаж буй учир импортоор оруулж ирдэг ижил төрлийн бүтээгдэхүүнээс 10 хувийн бага өртгөөр худалдаалах боломжтой болжээ. Өнгөрсөн жилээс үйлдвэрлэлээ өргөжүүлж, одооноос гоёлын хөөсөнцөр үйлдвэрлэж байгаа талаар менежер О.Ган-Эрдэнэ хэлэхдээ, “Манайх барилгын материалыг дотоодоо үйлдвэрлэх талаар Засгийн газраас гаргасан 171-р тогтоолын дагуу үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд анх 2013 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн.

Анх хар, цагаан замаск хийж байсан бол одоо өнгийн замаск, грунт, гоёлын хөөсөнцөр, хуурай хольц гээд барилгын 5 төрлийн 21 бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна. Цаашдаа 100 гаруй бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж байна. Ийм хүчин чадалтай үйлдвэртэй болсон. Дотоодын түүхий эдээ ашиглаж эх орондоо хийдэг учраас манай бүтээгдэхүүн чанартайгаас гадна баталгаатай байдаг. Импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүнүүд кг болон жиндээ хүрдэггүй, 25 кг-ын хар замаск байлаа гэхэд 17 кг байх жишээний, баталгаагүй байх явдал бий” гэж байв.


“Хос аз” ХХК-ийн хувьд гутлын гол түүхий эд ямаа, үхрийн арьс шир, хонины нэхийг өөрсдөө боловсруулан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэмээн гэрээт борлуулагч Л.Гүндэгмаа хэлж байв. Эднийх гутлын ул, цахилгаан, кноп зэрэг дотооддоо үйлдвэрлэдэггүй туслах материалуудаа  Итали улсаас захиалан авдаг. Технологио мөн Итали улсаас оруулж иржээ. “Манай үйлдвэр ажлын болон хүүхдийн зэрэг бүх насныханд зоруилсан өвөл, хавар намрын 100 гаруй төрлийн гутал үйлдвэрлэж байна. Яг одоо эрэгтэй, эмэгтэй, гоёлын гутал хийх технологио суурилуулаад явж байна” гэсэн юм. Арьс шир боловсруулах технологи нутагшуулсан эднийх шиг импортыг орлох, чанартай, сайн хийц бүхий, хөлд эвтэйхэн гутал хийхэд арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид анхааран ажиллаж байгааг “Монгол экспорт экспо-2018” үзэсгэлэн-худалдааны үеэр харж болохоор байв. Үндэсний үйлдвэрлэгчид импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж буй нь хөгжлийн нэг дэвшил хэмээн эдийн засагчид, мэргэжилтнүүд хэлж байна.


Б.Болд

Связанные новости