Шинжээч: "С-300" систем Сири дэх тоглолтыг өөрчилнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОРОНТО. /Sputnik/. АНУ, Өрнөдийн орнуудын Сири дэх хууль бус цэргийн ажиллагаа болон Ойрхи Дорнод дахь үймээн самуун хэзээ зогсох бол гэж дэлхийн улс орнууд хүлээж байна гэж Канадын улс төрийн шинжээч Кристофер Асад хэллээ.
Мөн тэрбээр Сирид “С-300” хамгаалалтын пуужингийн систем байрлуулах нь тус улс дахь тоглолтыг өөрчилнө гэсэнд тайлбар өгсөн байна.
ОХУ газар-агаар ангиллын “С-300” пуужингийн системээ Сирид байрлуулснаар хүчний тэнцвэрийг өөрийн болон Иран, Сирийн талд эргүүлж байгаа юм гэж тэрбээр хэлэв.
Түүний үзэж байгаагаар, энэ үйлдэл нь Ойрхи Дорнодын хямралд ОХУ-ын зүгээс хэрэгжүүлж буй бодлогод эрс өөрчлөлт гарч байгаагийн илрэл ажээ.
ОХУ энэ цаг үед Сирид “С-300” системийг байрлуулснаараа Сири болон ОХУ хооронд байгуулсан эртний хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн сацуу Сирийн Голаны өндөрлөгийг хууль бусаар эзлэн авсан Израилийн балмад түрэмгийлэлд хариу үйлдэл үзүүлэх юм гэж Асад хэллээ.
“С-300” нь хамгаалалтын пуужингийн систем бөгөөд үүнийг Израиль болон НАТО-гийн эсрэг ашиглахад маш үр дүнтэй зэвсэглэл юм. Гэсэн хэдий ч тэд Сири дэх ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой" гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
Тэрбээр цааш хэлэхдээ, "одоо ч тэр АНУ, Израиль хоёр Сири, Ираныг чиглэсэн түрэмгийллийн хандлагаа өөрчлөх бодолгүй байна. Сирийн хууль ёсны Засгийн газрыг нуран унатал тус улсын хамгаалалтыг сулруулж, нөөц баялгийг нь хулгайлах замаар тус улсын тогтвортой байдлыг ганхуулах гэсэн АНУ болон Израилийн атгаг санаа зөрчилдөх хүртэл тус хоёр улс дайсагнасан бодлогоо хэрэгжүүлнэ" гэв.
Сирид “С-300” системийг байрлуулсанд АНУ, Өрнөдийн холбоотнууд, Израиль сэтгэл дундуур байгаатай холбогдуулан тэрбээр, ОХУ-ын энэ үйлдэл нь олон улсын хуулийг зөрчөөгүй бөгөөд ямар ч түрэмгийллээс өөрийгөө хамгаалах салшгүй эрхийг нь Сирид баталгаажуулж өгч байгаа юм гэж хэллээ.
"Сирийн Засгийн газрыг нуран унахыг ОХУ зөвшөөрөхгүй. Сирийн Засгийн газрыг цэргийн хүчээр түлхэн унагах гэсэн ямар ч улс орон Сири, Иран, ОХУ-ын Зэвсэгт хүчин болон Дорнод Газар Дундын тэнгис дэх Тэнгисийн цэргийн хүчнүүдтэй нүүр тулах болно. Хэрвээ ийм зүйл болбол олон улсын хямрал үүсэх болно" гэж Асад үзэж байна.
Эцэст нь тэрбээр, "АНУ, Франц, Израиль, Их Британи хэзээ Ойрхи Дорнодын бүс нутаг дахь дайнаа зогсоож, тус бүс нутгийн хямралыг олон улсын хуулийн дагуу зохицуулж, энх тайван тогтоох болоо" гэж дэлхий дахин хүлээж сууна гэж хэллээ.
ОХУ 10 дугаар сарын 2-нд “С-300” системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг Сирид бүрэн хүргэжээ. Гурван долоо хоногийн өмнө ОХУ-ын “Ил-20” тагнуулын нисэх онгоц пуужинд оногдож сүйрсэнтэй холбогдуулан тус улс Сири рүү агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем илгээх шийдвэр гаргасан билээ. Нисэх онгоц сүйрэх үеэр ОХУ-ын цэргийн 15 албан хаагч амиа алдсан юм.
Д.Нямтулга