АНУ-ын хоригт өртөхгүй гэж Энэтхэгийн эрх баригчид найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРШИНЭ ДЕЛИ. /РИА Новости/. ОХУ-аас зенитийн пуужингийн “С-400” цогцолборуудыг худалдан авах гэрээнд гарын үсэг зурсны дараа, түүнчлэн Иранаас нефть импортлох асуудалтай холбоотойгоор улсад нь АНУ хориг арга хэмжээ авахгүй гэж Энэтхэгийн Засгийн газар найдаж байна. Энэ тухай “Hindustan Times” сонинд АНУ-тай хийж буй хэлэлцээнд ойр эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.
Эх сурвалжийн хэлснээр, Орос-Энэтхэгийн батлан хамгаалах салбарын эртний уламжлалт харилцааг харгалзан Энэтхэг улс “CAATSA” хуулиар хориг арга хэмжээнд өртөхгүй байх эрхтэй талаар тус улсын эрх баригчид Америкийн удирдлагуудтай хэлэлцэж байгаа аж. Харин Иран улсын хувьд ямар ч нөхөн төлбөргүйгээр Лалын Бүгд Найрамдах тус улсаас түүхий нефтийн нийлүүлэлтийг зогсоовол Энэтхэгт нефтийн үнэ нэг торх нь 6 ам.доллар болж өснө гэж тус улсын Засгийн газар үзэж байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитай хэлэлцээ хийж, багц баримт бичигт гарын
үсэг зурна. Тухайлбал, Энэтхэг улсад зенитийн пуужингийн таван С-400 цогцолбор
нийлүүлэх гэрээ байгуулах төлөвтэй байна.
“CAATSA” нь “Америкийг эсэргүүцэгчдэд хориг арга хэмжээ авах тухай” хууль юм. Орос, Иран, БНАСАУ-д янз бүрийн нэмэлт хориг арга хэмжээ авах, батлан хамгаалахын салбарт Оростой хамтран ажиллаж буй гуравдагч орнуудад Америкийн хориг хязгаарлалт тогтоох зорилготой уг хуульд Дональд Трамп 2017 оны зун гарын үсэг зуржээ.
Одоогийн байдлаар
Энэтхэгийн цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбар дахь хамгийн том түншүүд нь ОХУ
болон АНУ юм.