Арменийн засгийн газрын 6 сайдыг огцруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЕРЕВАН. /РИА Новости/. “Хөгжиж буй Армени” болон "Дашнакцутюн" намыг төлөөлж буй Арменийн засгийн газрын 6 сайдыг тус улсын Ерөнхийлөгч Армен Саркисяны зарлигаар огцруулжээ.
Энэ хоёр намын сайд болон амбан захирагч нарыг албан тушаалаас нь огцруулахыг Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян өнгөрсөн мягмар гарагт үүрэг болгосон юм.
“Ерөнхийлөгчийн зарлигаар Тээвэр, харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Ашот Акопян, Спорт, залуучуудын асуудал эрхэлсэн сайд Левон Ваградян, Онцгой байдлын сайд Грачья Ростомян, Байгалийн нөөц, эрчим хүчний дэд бүтэц эрхэлсэн сайд Артур Григорян, Эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын сайд Арцвик Минасян, Хөдөө аж ахуйн сайд Артур Хачатрян нар албан тушаалаасаа чөлөөлөгдлөө” хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.
“Хоёр намын сайд, амбан захирагч нарыг огцруулах тухай зарлиг хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа би албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Гэсэн хэдий ч ерөнхий сайдын эрх үүргээ хэрэгжүүлэх болно. Парламент шинэ ерөнхий сайдыг сонгохгүй бол ирэх 12 дугаар сард парламентын ээлжит бус сонгууль болно” гэж Пашинян өмнө нь мэдэгджээ.
Өнгөрсөн мягмар гарагт Арменийн депутатууд парламентын ээлжит бус хуралдаан явуулах юмуу депутатууд хуралдаанд оролцоход саад учирвал, саадыг арилгах хүртэл хуралдааныг хойшлуулна гэсэн нэмэлт өөрчлөлтийг баталжээ. Үндсэн хуульд зааснаар, засгийн газрын тэргүүн огцрохоо мэдэгдэж, хуралдааны үеэр депутатууд шинэ ерөнхий сайдыг сонгож чадахгүй бол парламентыг тарааж болно гэжээ. Шинэ нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор, парламентыг тараалгүйгээр хуралдааныг тодорхойгүй хугацаанд хойшлуулж магадгүй байгаа аж.
Э.Аянзаяа