БНСУ-ын өмнөд нутгуудад “Конг Рей” далайн шуурга дэгдэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-03 11:46:38

СӨҮЛ. /Yonhap/. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд БНСУ-ын өмнөд нутгуудаар “Конг Рей” далайн шуурга дэгдэх төлөвтэй байна гэж тус улсын цаг уурын газраас лхагва гарагт мэдээлэв.


Орон нутгийн цагаар өнөө өглөөний 09:00 цагийн орчимд уг шуурга Японы Окинава арлаас баруун хойд зүгт 18 км/цаг хурдтай урагшилж буй нь ажиглагдсан байна.


“Конг Рей” шуурга нь өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Гуамын арлуудын орчимд үүссэн бөгөөд энэ онд дэгдэж буй 25 дахь шуурга болох юм.


Ирэх бямба гарагийн 09:00 цагийн орчимд Жежу арлын Сёвипо хотоос баруун өмнөд зүгт 190 км зайд хүрч ирэх төлөвтэй байгаа ажээ. Харин Зүүн тэнгисийг дайран өнгөрсний дараа хүч нь суларч, ням гарагийн өглөө гэхэд Докдо арлын ойролцоо дөхөж очих юм.


“Далайн шуурга аадар бороо болон хүчтэй салхи үүсгэх төлөвтэй байгаа бөгөөд ирэх амралтын өдрүүдэд орон даяар үргэлжилсэн бороо орно” гэж цаг уурын агентлагаас мэдээлсэн байна.


Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр тус улсад “Соулик” далайн шуурга дэгдсэний улмаас нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн гэмтэж бэртсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.


Э.Хулан

Связанные новости