Зүүн Өмнөд Азийн орнууд худалдааны дайнд сэтгэл зовниж буйгаа илэрхийллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /NHK/. Зүүн Өмнөд Азийн орнуудын удирдагчид АНУ-БНХАУ-ын худалдааны дайнд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийллээ.
Хоёр улсын худалдааны маргаан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг болоод байгаа билээ.
Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад болон бүс нутгийн бусад орны удирдагчид баасан гарагт НҮБ-ын индрээс үг хэлсэн байна. Махатхир Мохамад 2003 онд Ерөнхий сайдын суудлаасаа бууж, энэ жил дахин Ерөнхий сайдаар сонгогдсон билээ.
Тэрбээр хэлэхдээ, дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны маргаан бусад бүх оронд сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдээд, маргаанаа зохицуулахыг АНУ, БНХАУ-д уриалсан байна.
Харин Камбужийн Ерөнхий сайд Хун Сень, АНУ, БНХАУ харилцан татвар ногдуулах арга хэмжээ авч байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, худалдааны дайн болон хамгаалалтын бодлого хэрэгжүүлэх нь хаалгаа хааж байгаа айлтай адил юм гэж хэлжээ.
Үүний зэрэгцээ Зүүн Өмнөд Азийн орнуудын удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэг талыг баримталсан хандлагын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Олон улсын хамтын ажиллагаанаас Засгийн газрууд гарах аюултай хандлага бий болоод байна гэж Махатхир Мохамад хэлсэн бол Хун Сень, олон улсын гэрээ хэлэлцээрээс АНУ нэрээ татсанд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, энэ үйл ажиллагаа нь олон улсын дүрэм журамд заналхийлж байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга