Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-12 13:19:00

Засгийн газраас “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан гаргалаа.

Төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, тэдгээрт шаардах хөрөнгийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн төсөв, салбарын бодлого, аймаг, нийслэлийн хөгжлийн хэтийн зорилт, макро эдийн засгийн дунд хугацааны бодлого, чиглэлд тусган гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Төлөвлөгөөг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасан байна.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг стратегийн 6 үндсэн зорилт, түүнийг хэрэгжүүлэх 51 арга замын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг томьёолж, тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлэн, хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах зардлыг нарийвчлан тооцсоны үндсэн дээр нийт 255 арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатны ажлууд 2015 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид 2020, 2030 он хүртэл үргэлжлэн хийгдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

ТОВЧ МЭДЭЭ:

- Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д өөрчлөлт, мөн 2008 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хилээр нэвтрүүлэх байлдааны зориулалттай хэрэгсэл, техникт экспорт, импортын лиценз олгох журам”- д нэмэлт, өөрчлөлт орууллаа.

- Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг 2016 онд тэмдэглэхээр шийдвэрлэж, ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг зохион байгуулах хорооны дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

- “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталлаа. Тус газрын захирлыг томилон, зохион байгуулалтын бүтэц, захиргааны албан тушаалтны жагсаалт, орон тооны норматив, дипломат байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

- Хэмжил зүйн тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

- Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар болон БНФУ-ын Сансар судлалын үндэсний төвийн хооронд байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад олгохоор тогтлоо.

- УИХ-ын гишүүн А.Бакейн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

- УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

- Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Связанные новости