Сирийн арми Алеппод давшиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-14 09:00:04

ТЕГЕРАН. /IRNA/. Сирийн Алеппо мужид оршдог, стратегийн ач холбогдол бүхий тосгонуудад буй “Такфири” бүлэглэлийн түшиц газар, байрлалуудыг Сирийн сөнөөгч нисэх онгоцууд устгасан байна.

Ливаны “Хезболла” бүлэглэл, Сирийн арми хамтран Алеппо мужийн баруун өмнөд нутгаас босогчдыг хөөн гаргаж, Бэнес сууринг чөлөөлсөн байна.

Сирийн арми болон босогчдын хооронд хэдэн цаг үргэлжилсэн ширүүн мөргөлдөөний үеэр Алеппо мужийн ал-Ейсийн өмнөд хэсэгт байрладаг Бэнес сууринг хяналтдаа бүрэн авсан гэж Сирийн армиас мэдээллээ.

“Мөргөлдөөний үеэр олон босогчийг устгасан бөгөөд тэд цэргийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөө орхин тулааны талбараас ухарсан” гэж Сирийн арми мэдэгдсэн юм.

Мөн Алеппо мужийн зүүн нутгийн Эйн-аль-Жамажмех, Эйша, Нажара, Серхан, Жеб эль-Кахва тосгонд байрладаг “Лалын улс”-ын хорих төвд Сирийн байлдааны нисэх онгоцууд цохилт өгөх үеэр 25 террористыг устгаж, нилээд олон террористыг шархдуулсан байна.

Х.Аминаа

 

Связанные новости