Бэлгийн замаар дамжих халдвар Өвөрхангайд улсын дунджаас өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-08 11:30:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар нийт халдварт өвчний 40 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Үүн дотроо тэмбүү, заг хүйтэн, трихоминаз зэрэг өвчлөлүүд зонхилж байгаа юм.
2017 онд бүртгэгдсэн тэмбүүгийн халдвар аймгуудын дунджаас 45.6, улсын дунджаас 18.8 хувиар тус тус их байжээ. Энэ жил аймгийн хэмжээнд нийт 19 сумын 12 сум буюу 63.1 хувьд бэлгийн замаар дамжих халдвар урьд оны мөн үеэс нэмэгдсэн, Арвайхээр суманд 5 жилийн дундаж үзүүлэлтээс өндөр байгаа нь хүн амын дунд тулгамдсан асуудал болоод байна.
Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 95.4 хувийг 15-39 насныхан үүнээс 9.3 хувийг 15-19 насныхан тус тус эзэлж байгаа юм. Мөн бэлгийн замаар дамжих халдварын 72 хувь нь  эмэгтэйчүүдэд бүртгэгдсэн байгаагийн 46 хувийг жирэмсэн эмэгтэйчүүд эзэлж байна.
Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэр гаргалаа. Тухайлбал, Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийг түшиглэж, өсвөр үе, эрэгтэйчүүдийн үзлэг, зөвлөгөө өгөх өрөөг байгуулах, зорилтот бүлгийг бэлгийн замын үзлэг, оношилгоонд хамруулахаар болов. Мөн цэргийн насны залуучуудыг бүрэн эрүүлжүүлэхийг ЭМГ-т үүрэг болголоо.
Одоогоор бэлгийн замаар дамжих халдвар нь цэрэгт татагдсан залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүдийн үзлэг хяналтаар илэрч, ихэнх тохиолдолд нуугдмал өнгөрч байна.
Б.Батчимэг

相关新闻