С.Баяр, Ч.Сайханбилэг нарт хилийн хориг тавьж, батлан даалтад гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-08 16:03:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр гаргалаа. 
 
"Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ, "Дубайн гэрээ"-тэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ оны 4 дүгээр  сарын 11-нд тавьсан юм. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр ерөнхий сайд асан нарыг цагдан хориод байсан. Энэ хугацаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын эрүүл мэндийн байдал муудаж, Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжин эмчлүүлж байгаа. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тогтоон, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлснийг  өнөөдөр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Ч.Ариунболд
相关新闻