Баярын өдрөөр үзвэр, үйлчилгээний газрууд үнэ төлбөргүй үйлчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-06-02 21:52:12
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх, үрсийн баярын өдрөөр үзвэр үйлчилгээний газрууд хүүхэд, багачуудад үнэ төлбөргүй үйлчлэв.

Баярын нээлтийг “Соёл амралтын хүрээлэн”-д зохион байгуулж, “Монгол туургатан театр”-ын хамт олон “Зүггүй шөмбөөлэй” хүүхдийн дуулалт жүжиг тоглосноор “Хүүхдийн парк”-ын үйл ажиллагаа албан ёсоор нээгдсэн юм. Дараа нь манлайлагч хүүхдүүдийг шагнаж урамшуулах үйл ажиллагаа боллоо.

Урлаг, сурлага, спортоор онцгой амжилт гарган үе тэнгийн хүүхдүүдээ хошуучлан манлайлсан төгсөх ангийн шилдэг есөн сурагчид аймгийн Засаг даргын нэрэмжит “Цом” гардуулсан бол аймгийн ЗДТГ-аас УИХ-ын дарга М.Энхболдын санаачилсан “Эх нутгийн иргэд” ТББ-тай хамтран Соёл амралтын хүрээлэнд баяраа тэмдэглэж байгаа хүүхдэд 500 бэлэг гардууллаа. Мөн аймгийн удирдлагууд Нэгдсэн эмнэлэгт шинээр мэндэлсэн найм, хэвтэн эмчлүүлж байгаа 12 хүүхдэд гарын бэлэг гардуулсан юм.

Энэ өдөрт зориулж аймгийн албан байгууллага агентлагуудын зүгээс “Хүүхэд хөлбөмбөг-ирээдүй” хөлбөмбөгийн тэмцээн, “3х3” сагсан бөмбөгийн тэмцээн, “Гар зургийн уралдаан”, шатар, унадаг дугуй, дуу, бүжгийн тэмцээн уралдаан болон хөгжөөнт тоглоомууд зохион байгуулав.

Мөн “Солонго цогцолбор”-ын үзвэрийн танхимд 14:00, 16:00 цагуудаас хүүхэлдэйн кино үзүүлж, аймгийн Музей үнэ төлбөргүй үйлчилсэн юм. 
Т.Есүхэйтөмөр
相关新闻