Соёлын биет бус өвийн их наадмын шалгаруулалт ирэх сарын 18-ны өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-30 21:03:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийн их наадмын анхан шатны шалгаруулалтыг Өлгий хотод ирэх сарын 18-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Уг асуудлаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ермекээс тодрууллаа.

- Соёлын биет бус өвийн анхан шатны шалгаруулалт ямар төрлүүдээр явагдах вэ?

- Монгол Улсын Соёлын өвийн тухай хуульд соёлын биет бус өвийн их наадмыг гурван жил тутамд зохион байгуулна гэж заасан байдаг. Өмнө нь ардын урлагийн их наадам гэсэн нэрээр явагддаг байсан. Уг арга хэмжээ эх хэл болон аман уламжлал, ардын язгуур урлаг, гар урлал, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи гэсэн соёлын биет бус өвийн таван ая савын хүрээнд зохион байгуулагдана.  

- Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт арга технологид ямар асуудлууд хамаарах вэ?

- Их наадмын энэ төрөлд уламжлалт цаг тоолол, зурхайн ухаан, байгаль хамгаалах болон байгаль, хүн, мал шинжихүйн мэдлэг, ардын сурган хүмүүжүүлэх ухаан, цагаан идээ, хоол бэлтгэх уламжлалт арга, ургийн бичиг хөтлөх зэрэг хамаарна.

- Их наадамд ямар хүмүүс оролцох боломжтой вэ? Ямар соёлын биет бус өвд хамаарах вэ?

- Мэргэжлийн бус хүмүүс оролцоно. Жишээлбэл, соёлын биет бус өвийг өвлөн тээгчид, уламжилж авч явж байгаа ардын авьяастнууд байх юм.   Ирэх сарын 15-ны өдөр хүртэл сумд оролцогчдоо тодруулах ёстой. Энэ наадамд казах түмний соёлын өв ч хамаарна. Жишээлбэл, монгол бүжгийн төрөлд казахын бий биелгээгээр оролцож болно. Монгол үндэстний хувцасны төрөлд казах хувцсаар бас өрсөлдөх эрх нь нээлттэй гэсэн үг. Бусад төрлүүд мөн адилхан байгаа.

- Сум тус бүрээс хэдэн хүн оролцох вэ?

- Бид урьдчилсан байдлаар 20-иод хүн ирнэ гэж тооцоолж байна.

- Анхан шатны шалгаруулалтыг хэн шүүх вэ?

- Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс шалгаруулна.  Түүнчлэн яамнаас томилсон шинжээчид хөндлөнгийн хяналт хийж шалгаруулалтын ажилд оролцох юм. Шалгарсан хүмүүс маань ирэх наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах хоёр дахь шатны шалгаруулалтад аймгаа төлөөлөн оролцох болно.

- Амжилт гаргасан аймгуудыг яаж урамшуулах вэ?

- Энэ удаагийн их наадмын шагналын сан өндөр байгаа. Амжилттай оролцож нэгдүгээр байранд шалгарсан аймгийг 20 сая төгрөгөөр, хоёрдугаар байр эзэлбэл 10 сая, гуравдугаар байрт орвол 10 сая төгрөгөөр тус тус шагнана. Түүнчлэн тусгай байрт орсон хоёр аймгийг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулахаар заасан байгаа.

Ө.Нурболат


相关新闻