"Күлтегин" нэртэй ардын хөгжмийн хамтлаг байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий хотод ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас бүрдсэн ардын хөгжмийн "Күлтегин" нэртэй хамтлаг байгууллаа.
Казахын ард түмний үндэсний урлаг, соёл, хөгжмийн зэмсгүүдийг олон нийтэд сурталчлан таниулах уг хамтлагийг хөгжимчин М.Еркинбек санаачлан үүсгэн байгуулжээ. Хамтлаг одоогоор зургаан хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд цаашид өргөжих аж.
"Күлтегин" хамтлагийн онцлог нь хүмүүсийн мэддэг домбор, хобыз буюу хуур, ятга /жетиген/, цуур /сыбызгы/ зэрэг хөгжмүүдээс гадна мартагдах шахсан ор теке, шинкилдек, дангара, хэл хуур /шанхобыз/, дэлдүүр /дауылпаз/ зэрэг 14 төрлийн хөгжмийн зэмсгээр казахын ард түмний баатарлаг туульс, ардын аянуудыг тоглодог юм.
Шаардагдах хөгжмийн зэмсгүүдийг Казахстан Улсаас өөрийн хүч хөрөнгөөр оруулж ирснийг хамтлагийн үүсгэн байгуулагч М.Еркинбек хэлж байна. Цаашид хөгжмийн урын санг үндэсний онцлог бүхий бүтээлүүдээр баяжуулж, аялан тоглолт хийх, гадаад дотоодын уралдаан тэмцээнүүдэд оролцох зорилготой байгаагаа тэрээр илэрхийллээ.
Ө.Нурболат