Шуургатай холбоотой 11 дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-02 17:54:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймгийн нийт нутгаар өнгөрсөн хагас сайн өдөр салхины хурд 24-28 м/с-д хүрч шуурга шуурсантай холбоотой аймгийн Онцгой байдлын газарт аюулт үзэгдлийн 11 дуудлага ирсэн байна.

Үүний арав нь Өлгий сумаас бүртгэгджээ. Тодруулбал, айл өрх, байгууллагын дээвэр салхинд хийссэн тохиолдол тав, барилгын цонх, хаалга хагарсан, барилгаас төмөр унаж машин гэмтээсэн, айлын хашаа, хана,  эсгийн гэр нурж унасан тохиолдол тус бүр нэг гарчээ. Аймгийн төвөөс ирсэн дуудлага бүрд Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиж ажиллан баримтжуулжээ.

Түүнчлэн, Алтанцөгц сумын төвд үүрэн холбоо, интернетийн сүлжээ байрлуулсан 15 метрийн өндөртэй цамхаг унаж, цахилгаан тасарсан байна. Сумын удирдлагаас өгсөн мэдээллээр энэ үеэр хүмүүсийн амь насанд ямар нэгэн аюул учраагүй аж. Аймгаас ажлын хэсэг очиж тасарсан цахилгааны шугамыг холбосон байна. Харин унасан цамхгийг газар дээр нь засварлах боломжгүй тул шат шатны арга хэмжээ авахаар болжээ. Одоогоор үүрэн холбооны компаниуд цамхгийг босгох хүртэл өөрсдийн сүлжээний антенныг өндөрлөг газруудад байршуулах арга хэмжээ авч эхэлжээ. 

"Тухайн өдрийн шуурганы улмаас учирсан хохирлыг одоогоор тогтоох боломжгүй, ажлын хэсгүүд сумдад ажиллаж байгаа. Энэ долоо хоногт багтаан хохирлын хэмжээг тогтоон дараагийн арга хэмжээ авахаар ажиллаж байна" гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас өгөөд байна. 

Ө.Нурболат

 
,


相关新闻