Баян-Өлгийн аялал жуулчлалын байгууллагууд 500 орчим компанитай гэрээ байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Улаанбаатар хотноо 19 жилдээ зохион байгуулсан "ITM-2018" олон улсын үзэсгэлэнгийн үеэр Баян-Өлгий аймгийн аж ахуйн нэгжүүд дотоодын 500 орчим аялал жуулчлалын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Айбек мэдээллээ.
Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 01-ний өдрүүдэд "Мишээл экспо" төвд болсон олон улсын үзэсгэлэнд тус аймгаас аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 компани оролцсон юм. Ийнхүү аялал жуулчлалын байгууллагууд өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, хөтөлбөр, үйлчилгээгээ сурталчилж, бизнесийн түнштэй болсноор 2018 онд Баян-Өлгий аймагт ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна.
2017 онд гадаадын 6500 гаруй жуулчин Баян-Өлгий аймгийн зорин ирснээс иргэд, аж ахуйн нэгжүүд 2,3 орчим тэрбум төгрөгийн орлого олсон талаар албан бус мэдээ байдаг ажээ.
Ө.Нурболат