УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны байнгын хорооны гишүүнээр сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-25 17:52:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. 

Швейцарын холбооны улсын Женев хотноо ОУПХ-ны ассамблейн 138 дугаар чуулган энхтайван, хүний эрхийн чиглэлээр энэ сарын 24-28-нд хуралдаж байна. Чуулганд 140 гаруй орноос 1600 орчим гишүүн оролцож буй бөгөөд 69 Их хурлын дарга, 216 эмэгтэй гишүүн оролцож байгаа аж. Чуулганд Монгол Улсын их хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Болд, Б.Саранчимэг, О.Баасанхүү нар оролцож байгаа юм. 

Чуулганы хоёр дахь өдөр буюу өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны гишүүнээр Ази, Номхон далайн орнуудын бүлгээс албан ёсоор нэр дэвшиж, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.  ОУПХ нь Ассaмблeйн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий дөрвөн байнгын хороо, хоёр хороотой бөгөөд байнгын хороод бүрт 10 гаруй гишүүн сонгогддог аж. Нийт 188 парламeнтын бүлгийн гишүүдийн маш их өрсөлдөөн дундаас байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сонгогдсон байна.



Дашрамд дурдахад, дэлхийн улс орнуудын парламeнтыг бүхэлд нь нэгтгэсэн ОУПХ нь анх 1889 онд  Франц улсын Парис хотноо байгуулагдсан бөгөөд 171 жинхэнэ, бүс нутгийн парламентын 11 гишүүнтэй. Улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, Олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж зөвлөмж тогтоол гаргах, хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилготой юм. 



ОУПХ-ны Eрөнхийлөгч нь Удирдах зөвлөлөөс гурван жилийн хугацаатай сонгогддог Удирдах зөвлөлийн болон Гүйцэтгэх зөвлөлийн Eрөнхийлөгчийн үүргийг давхар хашдаг байна. Өнөөгийн Eрөнхийлөгчийн албан тушаалыг Мeксикийн сeнатын гишүүн Габриeла Күвас Баррон хашиж буй. Тэрбээр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, тогтвортой хөгжилд үзүүлэх парламeнтын хамтын үүрэг оролцоог улам нэмэгдүүлж, үйл ажиллагааг сайжруулан, тус холбоонд шинэ уур амьсгалыг бүрдүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
Н.Гантуяа
相关新闻