Байгаль орчны чиглэлийн байгууллагууд төвлөрч эко цогцолбор болох хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар байгаль орчны салбарын төлөөллийг өглөөний цайнд урьж ярилцлаа.
Тус аймгийн удирдлагууд нь "Өглөөний цай" уулзалтыг тогтмол хийж салбар бүрийн иргэдийн төлөөлөлтэй уулзан тэдний санал бодлыг ажил хэрэгтээ тусган хамтран ажилласаар өнөөдрийг хүрсэн байна. "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бол иргэдийн санал бодолд тулгуурласан хөгжлийн хөтөлбөр юм. Тиймдээ ч энэхүү уулзалтандаа салбар бүрийн төлөөлийг оролцуулсаар ирсэн юм. Уул уурхай хөгжсөн манай аймагт байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээлт хийх гэдэг амин чухал асуудал. Иймээс энэ удаагийн "Өглөөний цай" уулзалтад байгаль орчны салбарын удирдлага хамт олныг урьж ярилцлаа.
Тэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ялангуяа Гашуун сухайнтын боомтын наад талын Цагаан хадыг ногоон хад болгон ойжуулах, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага нэг дор төвлөрч цогцолбор эко байгууллагатай болох, уул уурхайн компаниудын хариуцлагыг сайжруулан ногоон байгууламжийг бүтээлцэхэд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зэрэг чухал асуудлыг хэлэлцлээ. Байгаль орчноо хамгаалахад тэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Д.Мишигсүрэн