Даланзадгадын 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг барихаар шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-19 17:04:55
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг барихаар өчигдөр шав тавилаа.
Тус аймаг нь 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотойгоор энэ онд 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа юм. Уг бүтээн байгуулалтын нэг нь энэхүү цэцэрлэгийн өргөтгөл барих ажил юм. Одоогийн байдлаар уг цэцэрлэг нь тусдаа салбар цэцэрлэгтэй тус бүртээ гурван бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нэг ангидаа 40-45 хүүхэдтэй анги дүүргэлт давсан нөхцөл байдалд хүүхдүүд хүмүүжиж байгааг цэцэрлэгийн эрхлэгч Ж.Зул хэлж байна.
Одоогийн барихаар шав тавьж байгаа өргөтгөл нь 100 хүүхдийн багтаамжтай байхаар төлөвлөж байгаа учраас салбараа нэгтгэн ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Тус цэцэрлэгийн барилгыг 1980 онд тухайн үеийн Хүүхдийн төлөө фондын санхүүжилтээр байгуулсан түүхтэй аж. 
Өмнөговь аймгийн хүн ам уул уурхайгаа дагаж эрчимтэй өсөж байгаатай холбоотойгоор зарим сумдад болон аймгийн төвд сургууль цэцэрлэгийг нэмж барин говьчуудынхаа ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ сурч хүмүүжих нөхцөл боломжийг бий болгож байгаа. Уг цэцэрлэгийг барихад "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" хөрөнгө оруулсан бол уг барилгыг аймгийн "Суварган говь" компани барихаар болжээ. 
Д.Мишигсүрэн

相关新闻