Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-11 20:13:16
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ өвөл цас их орж, уулын ар, гуу, жалга, суваг, шуудуунд маш их хэмжээний цас хунгарлаж, гол, нуурын мөсөн дээр цас их хэмжээгээр тогтсон нь шар усны үер буух эрсдэлтэй байгаа юм. Үүний дээр голын мөс хайлж, цасны ус нэмэгдсэнээр их хэмжээний ус буух аюултай байгааг Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсээс иргэдэд сэрэмжлүүллээ.
Иймд, цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагыг ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Мөн бага насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр малд явуулахгүй, гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг эцэг, эхчүүдэд зөвлөжээ. Тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг сэрэмжлүүлж байна.
Б.Батчимэг
 

相关新闻