Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хоёр төв ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хоёр төв ажиллаж байна. Тус аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилгоор "Гэр бүлийн боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх" төвийг байгуулна гэж төлөвлөсөн.
Энэ зорилтын хүрээнд аймгийн төв Даланзадгад сумын 7 дугаар баг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тус бүр "Гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв"-ийг байгуулж энэ сараас үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Сэтгэлийн өнгө гэр бүл сэтгэл судлалын төв хамтран тус төвийг байгуулсан бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч иргэдэд үйлчилж байгаа юм. Өнгөрсөн онд тус аймагт эмэгтэйчүүдийн чуулан зохион байгуулахад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв нэн даруй хэрэгтэй байгааг эмэгтэйчүүд хэлж байсан билээ. Тэгвэл энэ онд хоёр ч төвийг байгуулан ажиллуулж эхэлжээ.
Д.Мишигсүрэн