Томуу болон томуу төст өвчин ихэссэнээс эмнэлэгт ор нэмж тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Томуу болон томуу төст өвчний улмаас аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 24 ортой хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж, одоогоор 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо үндсэн орноосоо илүү гарсан учраас гэмтлийн тасагтаа 20 ор нэмж тавьжээ.
Эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнхийг буюу 83-93 хувийг томуу болон томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүд эзэлж байна. Эцэг эхчүүдийн гол гаргаж буй алдаа нь хэвтэн эмчлүүлсний дараагаар эмчийн бичиж өгсөн заавар эмчилгээг үргэлжлүүлэн хийхгүй байгаагаас хүүхдийг дахин өвчлүүлэх явдал гарч байгаа аж.
Мөн Улаанбаатар хотоос эмч сувилагч нар ирж ажиллаж байгаа бол өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар буюу оройн 20 цаг хүртэл ажиллаж байгаа ажээ.
Өвчин тусахгүй байх гол хамгаалалт бол урьдчилан сэргийлэлт байдаг, тийм учраас эцэг эхчүүд бага насны хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх, элдэв антиоботекийг дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх, дулаан хувцаслах, дархлаагаа сайжруулах тал дээр онцгой анхаарч, амны хаалтыг тогтмол хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.
Д.Мишигсүрэн