Нүүрс тээвэрлэлтийн замд машин шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-04 15:53:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Гашуун сухайтын хилээс 120 орчим километрт буюу нутгийн иргэдийн хэлж заншсанаар Чойгийн тохой гэх газрын ойролцоо хэдхэн хоногийн өмнө нүүрс тээвэрлэж явсан машин шатсан байна. 
Ханбогд сумын ИТХ-ын дарга С.Эрдэнэжаргал хэлэхдээ "Нүүрс тээвэрлэлтийн замын дараалал маш урт байгаа урчаас жолооч нар машин дотроо хоолоо хийх, дулаацах гэж гал гаргасны улмаас түймэрт өртөх аюул бий болж байгаа. Хүйтэрч жолооч нар кабин дотроо хонох нь улам хүнд болж байгаа учир уурхайнууд ачилтаа зогсоомоор байна" гэлээ.  Өнгөрсөн сард нүүрсний замд машин шатсан гэх мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт гурван удаа ирж байжээ. 

Харин аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Л.Баярсайханаас энэ талаар тодруулахад "Манайд энэ талаар мэдээлэл хоцорч ирдэг. Дуудлага өгнө гэж байдаггүй, ер нь манайх 25 км дотор дуудлагад явах журамтай байдаг " гэлээ. Хэдийгээр Цогтцэций суманд гал унтраах анги байдаг ч гэлээ энэ нь нүүрс тээвэрлэлтийн замд гарсан дуудлагад явах боломжгүй байдаг аж. 
Д.Мишигсүрэн 
相关新闻