Тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт ороогүй 1000-аад машин байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-24 16:51:21
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 30 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас он гарснаас хойш 29 мянга гаруй нь тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт орсон байна.
Авто тээврийн тухай хуульд "Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно" гэж заасан байдаг.  Тэгвэл бүртгэлтэй тээврийн хэрэгслээс 1000 шахам нь үзлэгтээ ороогүй яваа аж.
Хуулийн дагуу техникийн хяналт, хийж дүгнэлт гарган стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох эрх авдаг юм. Тиймээс тээврийн хэрэгслийн техникийн хяналт тодорхой хугацаанд биш жилийн турш үргэлжилнэ. Стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байвал хуулийн дагуу арга хэмжээг авах бөгөөд иргэнийг 20,000-50,000 төгрөг, аж ахуйн нэгж байгууллагыг 20,000-500,000 төгрөгөөр торгодог байна.
2017 оны техник хяналтын үзлэг 12 сарын 20-нд дуусна. Тиймээс техникийн хяналтанд  хамрагдаж амжаагүй байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийг тээврийн хэрэгслээ амжиж үзлэгт оруулахыг тус аймгийн Авто тээврийн газраас анхаарууллаа. 
Д.Мишигсүрэн 
相关新闻