Нүүрс тээврийн зам дагуу шалгалт хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумаас нүүрс тээврийн зам дагуу нэгдсэн хяналт шалгалт өнөөдрөөс хийж эхэллээ.
Урд шөнө буюу энэ сарын 14-өөс 15-нд шилжих шөнө нүүрсний тээврийн жолооч нар Ханбогд сумын нутаг дэвсгэрт зориулалтын бус замаар, өөрөөр хэлбэл замгүй газраар айлын тэмээн зэл дундуур нь 70 гаруй машин явлаа гэж тус сумын Засаг дарга мэдэгджээ. Мөн зориулалтын бус өөр замаа ч 40-50 машин явсан байна. Тиймээс тус сумаас нэгдсэн хяналтыг гаргаж байгаа ажээ.
Зориулалтын бус замаар тээвэр хийсэн тохиолдолд Зөрчлийн хууль болон байгаль орчны багц хуулийн дагуу аж ахуйн нэгж, жолооч нарт хариуцлага тооцож ажиллах юм байна. Үүнээс гадна зөрчил гаргасан жолоочийн дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг уурхайн захиргаадад хүргүүлснээр тухайн жолооч дахин ачилтанд орох боломжгүй болж байгааг анхаарууллаа.
Д.Мишигсүрэн