Монголын номын санчид Тайванийн туршлагаас хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-25 16:32:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БСШУСЯ-наас “Олон улсын сургуулийн номын санчдын өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын Хүүхдийн төв номын сантай хамтран гурав хоногийн хугацаатай “Сургуулийн номын санчдын сургалт, семинар”-ыг зохион байгуулав. 
Тайванийн Үндэсний Их сургуулийн Номын сангийн удирдлагын доктор, Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга хатагтай Янь Жу Лиэнь Тайванийн номын сангуудын хүүхдийн номын уншлагыг дэмжих зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажлын туршлагаас хуваалцав.
Тэрбээр хэлэхдээ, “Хүүхэд, багачуудын хувьд ном нь зөвхөн товхимол төдий бус хүсэл, мөрөөдөл, мэдлэгийн эх булаг нь, тэдний хамгийн ойр дотно анд нөхөр нь болдог. Номын санчдын хувьд хүүхдийн номын талаар маш сайн ойлголт, мэдээлэлтэй байхаас гадна хүүхдийн хэрэгцээ, шаардлагыг ч ойлгож танин мэдэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийг баяр хөөр дүүрэн ном уншиж, номтой нөхөрлөхөд нь тусалж чадна” гэв.
Мөн тэрбээр Тайванийн нийтийн номын сангууд уншлагыг дэмжих ажлын хүрээнд тав тухтай ном унших орчин нөхцөл бүрдүүлж чадсан гэдгийг онцлоод, уншигчдад ном зээлэх болон буцаахад хялбар дөхөм байлгахад авч хэрэгжүүлж болохуйц бүтээлч арга санаачлагаас хуваалцав.
Тайвань болон барууны улс орнууд сургуулийн наснаас өмнөх насны хүүхэд багачуудын ном уншлагыг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулаад энэхүү туршлага нь ойрын ирээдүйд Монгол оронд ч  амжилттай нэвтрээсэй хэмээн хүсч буйгаа илэрхийлэв.
БСШУСЯ-ны зүгээс сургуулийн номын санчдын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх үүднээс жил бүр “Олон улсын сургуулийн номын санчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ онд номын санчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхийн тулд улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бага, дунд, ахлах сургуулийн нийт 220 гаруй номын санч энэхүү арга хэмжээнд оролцов.    
Ж.Болор
相关新闻