Аймгийн төсөвт тодотгол хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 11 дүгээр хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ.
Нийт суух ёстой 41 төлөөлөгчөөс 36 хүрэлцэн ирж, 87,8 хувьтайгаар эхэлсэн тус хурлаар өвөлжөө, хаваржааны газрын эзэмшлийн өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлогын тухай, Өндөр гэгээн Занабазрын 380 жилийн ойг тэмдэглэн зохион байгуулсан ажлын тайлан, 2015 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай гэсэн гурван асуудал хэлэлцлээ.
Хурлын нээлтийг хийж, ИТХ-ын дарга Г.Ганболд хэлэхдээ “2015 он улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд амаргүй жил болж, гадаадын хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр багасч, экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд буурсантай холбогдуулан улсын төсөв 900 гаруй тэрбум төгрөгөөр тасарч улмаар УИХ улсын төсөвт тодотгол хийсэнтэй холбогдуулан орон нутагт төсвийн тодотгол хийх шаардлага гарсны дагуу ээлжит 11 хуралдааныг зарлалаа” хэмээв.
2015 оны 10 сарын 30-ны өдөр батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Өвөрхангай аймаг дахь санхүүгийн дэмжлэгийг 200 сая 500 мянган төгрөгөөр бууруулж, орон нутгийн хөгжийн санд шилжүүлэх дүнг 16,1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн баталсан. УИХ-аас орон нутгийн төсвийн орлогын тооцоог хийхдээ улсын тэмдэгтийн хураамжийн орлогыг 30 сая, ан амьтны нөөц ашигласны төлбөрийг 7,7 сая, хувьцааны ноогдол ашгийн үнэлгээг 17 сая, бусад орлогыг 62,2 сая төгрөгөөр, бүгд 116,9 сая төгрөгөөр нэмэгдүүлж тооцсон бол төсвийн байгууллагуудын зардлыг тооцохдоо бичиг хэрэг, шатахуун, шуудан холбоо, нормын хувцас гэхчлэн нийт дүнгээр 200,5 сая төгрөгөөр бууруулсан байна.
Орон нутгийн 2015 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа орлогыг нэмэгдүүлж, зарлагыг өмнөх оны түвшинд барихаар тусгасан бөгөөд 2015 оны төсвийн орлогыг 8,046 сая, Төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 59,497 сая төгрөгөөр тооцож, төсвийн шууд захирагч нарт 67,544 сая төгрөгийг зарцуулах эрхийг олголоо. Аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 5,513 сая, аймгийн ОНХС-аас сумын ОНХС-д олгох орлогыг 3,324 сая төгрөгөөр баталлаа.
Аймгийн хэмжээнд оны эхний 10 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 6 тэр бум 630 сая 401 мянга 700 төгрөг бүрдүүлэхээс 8 тэр бум 42 сая 241 мянган төгрөг төвлөрч, 121.3 хувийн биелэлттэй гарсан байна. Тиймээс 2015 оны төсвийн тодотгол орон нутгийн төсөвт харьцангүй дарамт багатай байдлаар батлагдсан хэмээн аймгийн удирдлагууд үзэж байгаа аж.
Б.Батчимэг