Ахмадуудтай уулзаж тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-30 17:10:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмадын төлөөлөлтэй аймаг орон нутгийн удирдлагууд уулзаж санал бодлоо солилцлоо.
Ахмад настанд зориулан хэрэгжүүлж байгаа ажил үйлсэд талархаж буйгаа ахмадууд илэрхийлсэн юм. Тодруулбал энэ жил ахмадын сувилалд 11-н ээлжинд 300 орчим ахмадыг амраасан байна. Мөн тэдний санал бодолд үндэслэн аймгийн Засаг даргын дэргэд “Ахмадын зөвлөл”-ийг байгуулж нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа юм.
“Ахмадад ээлтэй сум, байгууллага”-ыг шалгаруулах замаар ахмад настанд үйлчилдэг, тэдний төлөө ажилладаг иргэд аж ахуй нэгж, байгууллагыг олон болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ уулзалтын үеэр бүтээн байгуулалтын ажлаа илүү сайн эрчимжүүлэн хийж Т.Борын талбайг засварлах, угтах үдэх хаалга хаягтай болох, хөнгөлөлттэй үнээр ахмадын орон сууц барих, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, шүдний өвчлөл, үйлчилгээний үнийг бууруулах тал дээр онцгой анхааран ажиллах хэрэгтэйг ахмад буурлууд онцоллоо.
Тус аймгийн нийт хүн амын 9,05 хувийг 55-дээш насны ахмадууд эзэлдэг бөгөөд Хөдөлмөрийн баатар 1, Ахмад дайчин 4, Гавьяат цолтон 15 байдаг байна.

Д.Мишигсүрэн


相关新闻