Жуулчдын тоо 2030 онд 1.8 тэрбумд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-09-27 09:10:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-аас "Дэлхийн аялал жуулчлалын өдөр"-ийг уламжлал ёсоор энэ сарын 27-нд зохион байгуулахаар болжээ.
Олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог хөгжүүлэх, нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хамгаалах зорилгоор 1979 онд ДАЖБ-ын Ерөнхий Ассамблейн 3-р чуулганаар "Дэлхийн аялал жуулчлалын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Харин  манай улсад уг өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэж иржээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар дэлхий дахинд 1.2 тэрбум хүн жуулчилсан бол 2030 он гэхэд 1.8 тэрбумд хүрэх төлөвтэй байгааг ДАЖБ-аас мэдээлжээ. Харин Монгол Улсын хувьд аялал жуулчлал нь шинээр хөгжиж буй салбар хэдий ч ДНБ-ий 5.4 хувийг бүрдүүлж, 54 мянган ажлын байрыг бий болгож, эдийн засагт жилд дунджаар 310 сая гаруй ам.долларын орлогыг төвлөрүүлж байгаа юм.
"Дэлхийн аялал жуулчлалын өдөр"-ийг тохиолдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ, “Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт “Нутгийн иргэдийн ажиргааг дээшлүүлэх, орчны доройтлыг бууруулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлнэ. Мөн “Ганга, Өгий нуурийн экосистемийг хамгалаах-Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”, аялал жуулчлалын гол зам, чиглэлийн дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборууд байгуулах, Улаанбааатар хотод албан, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлуудыг эхлүүлээд байна.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дан ганц төрийн байгууллагууд төдийгүй салбарын мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, их дээд сургуулиуд, иргэдийн оролцоо чухал ач холбогдолтой” хэмээгээд “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийн мэнд хүргэжээ. Мөн тэрбээр иргэдийг аялах, жуулчлахдаа хүрээлэн буй орчин, орон нутгийн зан заншил, соёлыг хүндэтгэж, “Хариулагатай аялагч” байхыг уриалсан байна.

Ч.Ариунболд
相关新闻