Хуулийн байгууллагууд нэгдэж, иргэдэд нээлттэй үйлчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-19 14:00:37
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбар байгуулагдсаны нэг жилийн ойг тохиолдуулан “Хуулийн байгууллагуудын нэгдсэн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Аюуш баатрын талбайд зохион байгууллаа.
“Нээлттэй хаалганы өдөр”-өөр аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын салбар, Хүний эрхийн салбар зөвлөл зэрэг хууль хяналтын байгууллага, Архивын тасгаас өөрсдийн чиг үүргийн хүрээнд ажилласан юм. Тухайлбал, ард иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх, байгууллагынхаа ажил, үйлчилгээг сурталчлах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг нь хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авлаа.
Тус үйл ажиллагааны үеэр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудын  зарим заалтыг иргэдэд сурталчилж, Цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журмын талаар мэдээлэл өгсөн ба “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд архины хамааралтай таван иргэнд зөвлөгөө, 34 иргэнд гарын авлага, зурагт хуудсыг хүргэжээ. Мөн байгууллагын болон харуул хамгаалалт, иргэний галт зэвсэг эзэмших, аюулгүй ажиллагааны талаар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр, хүний эрх, өмгөөллийн тухай мэдээллээр иргэдэд ойлголт өгсөн бол Шүүхээс Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнгийн талаарх видео бичлэгийг олон нийтэд танилцуулсан байна.
Б.Батчимэг
相关新闻