Малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төвтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-04 16:44:46
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төвийг барьж байна. Тус суманд Оюутолгой ХХК-ийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх төвийг байгуулж байгаа юм. Барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 10 дугаар сарын 20-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.

Энэ төв нь малын эрүүл мэнд, үржлийн алба, шинжилгээний лаборатори гэсэн бүтэцтэй байх аж. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ариун цэврийн чанарын үнэлгээ хийх чадамж бүхий хоёр давхар байгууламж нь 4-5 автомашины граж, малын саравч, хатуу хучилттай зам талбай, дөрвөн айлын орон сууцны барилгатай эргэн тойрон тусгаарлагдсан төв болох юм.
Энэхүү малын эрүүл мэндийн сум дундын нэгдсэн төвд үржлийн зориулалтаар Шотландын махны чиглэлийн Ангус үүлдрийн дөрвөн бухан бярууг авч ирээд байгаа гэнэ. Эдгээр үхэр нь тус төвийн үндсэн хөрөнгө болох бөгөөд сайн чанарын махны чиглэлийн үхэртэй болж, мах экспортлох боломжийг сумандаа бий болгох хэтийн зорилготой ажээ.
Д.Мишигсүрэн
相关新闻